Иргэд 10 хоног төрийн ордны гадаа алдагдсан боломжоо нэхэн жагсаж байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шударга ёсны талд зогсож, авилга албан тушаалын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг УИХ-д өргөн барив.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ шударга ёсны төлөө зогсоход ганцаардаж, хүчин мөхөсдөж байгаагаа хэлээд ард түмний дэмжлэгийг алдахгүйн төлөө бүхий л боломжоо ашиглахаа амласан. Ингэхдээ тэрбээр бүх галыг өөр дээрээ авч, авилга, албан тушаалын хэрэгт холбогдогсдыг хүний, өөрийн нам гэж ялгахгүйгээр хариуцлагыг үүрүүлэхээ мэдэгдэв. Түүний хэлсэн үгнээс онцолбол,
- Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.
- Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг.
- Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
- Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ. Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
- Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү авилгачидтай дайн зарласан нь улс төр дахь МАНАН хэмээх том бүлэглэлийн эрх ашгийг хөндөж, Засгийн газраа эрсдэлд оруулахыг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч тэрбээр ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах том үүргийг хүлээлээ.
СЭТГЭГДЭЛ