Шударга ёсыг нэхэж, 14 дэхь өдрөө жагсаж буй иргэдийн шаардлагыг Засгийн газар хүлээн авч, нүүрсний хулгайч нарыг ил болгохоо мэдэгдсэн. Тэд хэлсэн амандаа хүрч, нүүрсдийн мэдээллийг ил болгож эхлэв.
Нүүрсний хулгайтай нэр холбогдсон албан тушаалтнуудыг саатуулсан, АТГ-т шалгагдаж буй 17 хүний нэрийг зарласан, нууцлалтай офф-тейк гэрээнүүдийг ил болгож эхэлсэн нь бодит үр дүн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс авилгачидтай хатуу тэмцэхээ илэрхийлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдын ялын бодлогыг чангаруулсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Уг хуулиар авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдод 5-20 жилийн ял оноож, төрийн албанд насаар нь ажиллуулахгүй болгосон нь баялгийн тэгш бус хуваарилалтыг үгүй хийх эхний алхам болж чадлаа.
Хамгийн сүүлд л гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажилласан 204 компанийн нэрийг ил болголоо. Энэ төмөр замыг барих ажлыг ЗХЖШ тэргүүлэн оролцсон бөгөөд цэргүүдийг үдэн гаргах үйл ажиллагааг ёслол төгөлдөр гэгч нь үйлдэж байсан нь саяхан.
Санхүүжилтийг нь 20 хүртэлх жилийн хугацаатай 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК худалдах, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар шийдсэн энэхүү ажлын өрмийг нь хэн хүртэж, хусмыг нь хэн авсан нь тодорхой болох нөхцөл ийнхүү бүрдлээ. /http://mtz.mn/content/151 холбоосоор нэвтэрч танилцах боломжтой/
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2500 төгрөгөөр зардаг атар талхыг 25000 төгрөгөөр нийлүүлсэн тухай мэдээллүүд гарч, олны чихийг дэлдийлгэж байсан. Үүнийг үнэн, худал эсэхийг шүүх боломжийг Засгийн газар иргэд, хэвлэлийнхэнд нээлттэй болгож чадлаа.
Нүүрсний хулгайгаар овоглосон бүлэг хэргийн нэг нь тээвэртэй холбоотой асуудал. Одоогоос 12 жилийн өмнө төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гаргаж, тавантолгойн бүлэг ордоос урагшаа, зүүнтээ чиглэлд төмөр зам барих ажлын эхлэлийг тавьсан ч монголчууд нүүрсээ төмөр замаар зөөж чадсангүй өнөөдөртөө золгосон. Тавантолгойн ордоос нүүрс зөөх тээврийн зардлаас хулгай хийх нь ашигтай учир төмөр замыг ашиглалтад оруулахгүй байх сонирхол олон хүнд байсан гэдэг үндэслэлийг эх сурвалжууд онцолж байгаа. Төмөр зам дагасан мэдээллүүд ил болох тусам нүүрсний хулгайн тээврийн асуудал томрох нь дамжиггүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбоотой мэдээллүүд тун удахгүй ил болох биз ээ.
СЭТГЭГДЭЛ