Хэн нэгэн гишүүн, сайдыг таньдаг байхад Монголын төрийн албанд орох хамгийн амархан. Эсэргээрээ танилгүй хүнд Монголын төрийн албанд ажилд орно гэдэг хамгийн хэцүү зүйл.
Энгийн жишээ бол Хөгжлийн банк. Өнгөрсөн хугацаанд улстөрчид Хөгжлийн банкинд өөрсдийн хүмүүсийг байршуулж, тэднээрээ дамжуулан зээл авсан тухай мэдээлэл хэвлэлээр цуурайтсан.
Дараагийн жишээ бол Эрдэнэс таван толгой хэмээх стратегийн компани. Энэ компанид улстөрчид мөн л өөрсдийн хүмүүсийг шургуулж, байж болох бүх нүх сүдийг ашиглан дансыг нь улайсгаж, нүүрсийг нь үнэгүйдүүлж, өөрсдийн түрийвчийг түнтийлгэсэн нь тогтоогдчихсон. Харамсалтай нь аалзны тор шиг бүгд хоорондоо хэлхэлдсэн учир хариуцлага нэхэх ямарч боломжгүй болчихоод буй.
Монголчуудын амьдрал бүхэлдээ дөрвөвхөн жилийн эргүүлэг дунд өрнөдөг шиг төрийн албаны амьдрал сонгуулийн дараа шинэ гишүүд сонгогдоход, хуучин сайдаас шинэ сайдад тамга шилжих хугацааны циклтэй гэхэд болно. Шинэ гишүүд, сайд ирж төрийн албаныхныг халж, сэлгэж, ах, дүү, амраг садангаараа солих нь Монголын нийгэмд энгийн үзэгдэл мэт болсон нь харамсалтай.
Наад зах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү О.Амарсанаа ШШГЕГ-ын дарга, хамаатных нь дүү Б.Жавхлан Сангийн сайд, цэргийн найз нь Батлан хамгаалахын сайд, нутгийн дүү нар нь стратегийн ач холбогдол бүхий бүхий л агентлагуудын дарга хийж байгааг бүгд л дор бүрнээ жиг жуг гэлцдэг хэрнээ яаж ч чаддаггүй. Цаашлаад тэр ч сайдын хүн, тэр ч гишүүний хүн гэсэн тодотгол бүх л төрийн албанд ноёлж, дарга нартаа ч захирагддагүй арми бий болчихсон тохиолдол ч байдаг юм билээ. Улстөрчид л төрийн албыг төрлийнх болгодог ид шидтэнүүд шүү дээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүдийг төрийн албанд ажиллах, төрийн албанаас зарлаж буй тендер, ажлыг авахыг хориглосон хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан” хэмээсэн нь бор зүрхээрээ амьдарч буй олон хүний магнайг тэнийлгэж байх шиг байна.
Улстөрчдөөс төрийн албанд нөлөөлж, өөрсдийн гэсэн даабл стандарт бий болгодог асуудлыг үгүй болгочихвол “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” гэх мэтийн авилгыг өөгшүүлсэн үгс моодноос гарч, авилга, албан тушаалын гэмт хэрэг ч буурах нөхцөл бүрдэнэ.
Хэн нэг улстөрчдийн нөлөөгөөр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халдаг байдал үгүй болно.
Бидний татварын мөнгөнөөс бүрддэг Боловсролын зээлийн сангаас улстөрчдийн үр хүүхдүүд, хамаатан саднууд зээл авч, гадаадад сурахаа болино.
Ашиг сонирхлын зөлчил байсаар улстөрчид атал ах, дүү, амраг садандаа төрийн тендерийг хууль бусаар авч өгдөг асуудалгүй болох ийм өөрчлөлт хийгдчихвэл улс төрд орж, иймэрхүү байдлаар төрийг цөлмөх гэсэн хүсэлтнүүд ч үгүй болох биз. Одоо бол улстөрид эргэн тойрныхныхоо бизнесийг томруулах ажлыг ямар ч хяналтгүйгээр хийж байгаа нь нууц биш болсон.
Анхнаасаа улс төрд орох нь ямар нэгэн өөрт хамааралтэй этгээдийн бизнесийг томруулах боломжгүй, өөрсдийн хүмүүсийг төрийн албанд шахах боломжгүй гэдгийг нь энэ мэтээр хуульчилбал, ус, тос хоёр ялгарч нэг талдаа гарах нь дамжиггүй. Засгийн газрын энэхүү шийдвэр улс төрд буй олон хүний зэвүү, дургүйг зэрэг хүргэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дайснуудыг нэгтгэж, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа.
Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг ““төрийн албан хаагч” гэсэн багны дорх улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүдийг төрийн албанд шургалах нүхийг тагалчихвал, төсвийн мөнгө тэдний халаасыг түнтийлгэхгүй түмний амьдралыг тэтгэх биз ээ.
СЭТГЭГДЭЛ