1992 онд Үндсэн хуулийг батлах үед манай сонгогчдын тоо 1.1 сая байсан бол одоо 2.3 сая орчим болж хоёр дахин нэмэгдсэн. УИХ дахь нийслэлээс сонгогдсон нэг гишүүн 100-150 мянган иргэнийг төлөөлж байгаа бол хөдөөнөөс сонгогдсон нэг гишүүн  50 мянган хүнийг төлөөлж байна. Энэ нь төлөөллийн зарчмыг эвдэж байгааг дээр, дооргүй ярьж байгаа ч өөрчилж чадахгүй байсаар өнөөдөртэй золгосон.

Уг нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байсан ч нийгмийн сүлжээн дэхь шүүмжлэл, иргэдийн эсэргүүцлээс айсан улстөрчид амиа хоохойлон, амаа хамхисан. Тэр нь ч өөрсдөд нь ашигтай байсан нь гарцаагүй. Яагаад гэвэл парламент цөөн гишүүнтэй байснаар нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагдаж хэд хэдэн давхар дээл өмсөх боломжтой. Мөн хүссэнээрээ лобби бүлэг үүсгэж өөрсдийн эрх ашигт тааруулж хууль өөрчлөх, УИХ-ын чуулганы хуралдаанд олонхи 39-үүлэхнээ ирц бүрдүүлээд гуравны нэг нь гэгдэх 20-хон гишүүн хууль баталчихаж байх жишээний. Тиймээс гишүүдэд аль болох олон хүн төлөөлж, цөөхүүлэхнээ найран дундаа хуулиа батлаад, хулгайгаа хийж байх нь ашигтай. Тэр ч утгаараа “Гишүүдийн тоог нэмэх нь илүү зардал болно, 76 хулгайчийг өсгөсөн хэрэг болно” гэх мэтээр иргэдийн тархийг угааж, 76 гэсэн тоог дархлах хүслээ гүйцэлдүүлсээр. Иргэд ч энэ мэхэнд нь орж, гишүүдийн тоог нэмэх гэх мэт шийдэл ярьсан нэгнийг газар дор ортол нь муулдаг болжээ.

Гэтэл манайх шиг хүн амтай улсад парламентын гишүүдийнх нь тоо 110-150 орчим байж, иргэд нь жинхэнэ утгаараа төлөөллөө парламентдаа суулгаж, асуудлаа шийдүүлж байна. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, залуусын, эмэгтэйчүүдийн, малчдын, цөөнхийн гэх мэтээр бүх л иргэдийн төлөөлөл байдаг нь утгаараа сонгодог парламент байж чаддаг. Тиймээс манай улс гишүүдийнхээ тоог нэмж чадвал сонгодог парламент руу нэг алхам дөхнө гэсэн үг. Иргэдийн төлөөлөл парламентад нэмэгдэж чадвал бодлого шийдвэрүүд чанартай, үр нөлөөтэй болж, эрх баригчдын бүлэглэл, лобби багасч эрх мэдлийн төвлөрөл саарах эерэг  нөлөө гарна гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Нөгөөтэйгүүр, сонгуулиас сонгуулийн хооронд тойргоо усалдаг улстөрчид үгүй болж, үндэсний хэмжээнд бодлого боловсруулдаг, хууль баталдаг,  баталсан хуульдаа хяналт тавьдаг гишүүдтэй болох боломж бүрдэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлсэнчлэн түүнд энэхүү өөрчлөлтийг хийх түүхэн үүрэг ногдоод байна.

Шинэ оны өмнөхөн эрх баригч намын бага хурлын гишүүд цахимаар хуралдаж, намынхаа дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох улс төрийн эрх мэдлийг өгсөн үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал нэгдсэн гэсэн үг. Үүнийг бататгаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ “Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна” хэмээн онцолсон.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ гэдгээ амласан.

Ямартай ч 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад босго давж чадаагүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар иргэдийн төлөөллийн сонгодог парламентыг бий болгох шийдэл Ардын намынхны зөвшилцлийн үндсэн дээр энэ онд шийдэгдэх нь тодорхой боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ямар нэгэн саад, тотгор үүсгэхгүйн тулд нам доторхи фракциудын эрх ашгийг хангах үүднээс Засгийн газрын зарим гишүүнийг өөрчлөх шийдвэрийг гаргаж, кабинетынхаа сайд нарыг шинэчлэв. Тухайлбал, Засгийн газрыг огцруулах асуудлыг байнга хөндөх болсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар томилж, хүслийг нь хангав. Мөн өвөрхангайн фракцид Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг өгч, С.Чинзориг гишүүн давхар дээлтэй болов.  Архангайн фракцид Боомтын хөгжлийн сайдыг санал болгож УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомтын хөгжлийн сайд болгосон гэх мэт шийдвэрээс харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар их үнээр хийгдэх нь тодорхой боллоо.

Одоо иргэдийн дэмжлэгийг авах сорилт Ерөнхий сайдыг хүлээж байна.  Үүний тулд нэг ч удаа хэрэглэгдээгүй гэдэг шүүмжлэлийг дагуулдаг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг амь оруулж чадвал шинэчлэлийг сонгодог утгаар нь нэвтрүүлсэн өөрчлөлт болох биз ээ.