Ерөнхий сайд өчигдөр чуулганы  хуралдаан  дээр төмөр замын салбарт бугшсан асуудлыг ил болгоно гэдгээ хэлсэн.Тэгвэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг цагдаагийнхан хураан авч, 48 цаг саатуулсан байна. Түүнийг үндэслэлгүйгээр 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэх шалтгаанаар Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн байна.  

Эх сурвалжаас энэ талаар тодруулахад С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг шаардаад төрд үүрлэсэн авлигачидтай тэмцэх болно гэдгээ сануулсаар байгаа билээ. Түүний хэлснээр дараагийн бөмбөг БОАЖЯ-ны газар зардаг дарга нарын дунд тэсрэх бололтой.