Шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойд зориулж, хуулийн төслийг батлах үеийн хурлын протколыг 12 боть болгон хэвлэж, олны хүртээл болгосон нь улстөрчдийн хэн нь хэн байсан бэ гэдгийг мэдэх боломжийг олон нийтэд ил болгосон сайшаалтай явдал болов.

Энэхүү проткольд Монгол Улс парламентын засаглалыг сонгож байгаа хэрнээ Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохыг Үндсэн хуульд тусгах нь засаглалын хямралд оруулна гэдгийг тухайн үеийн Ардын их хурлын залуу гишүүд анхааруулсан ч авч хэлэлцээгүйг тэмдэглэн үлдээжээ.

Тухайлбал, төрийн байгууллын тогтолцоог сонгох хуралдааны үеэр  Ардын их хурлын гишүүн С.Зориг “Энд зарим нь Ерөнхийлөгчийн засаглал байх хэрэгтэй гэж үзэж байна. Зарим нь парламентын засаглал хэрэгтэй гэж байна. Гэтэл энэний хоорондын ялгаа, нарийн юмнуудыг мэдэж байгаа хүн энд нэг их олон байхгүй байх” хэмээн цохон дундуур нь буулгаж байж. Тиймээс олон зүйл нуршилгүй тухайн үед хэн гэдэг улстөрч юу гэж хэлж түүхэнд бичигдсэнийг түүвэрлэн хүргэе, уншигч та дүгнэлтээ хийнэ биз. 

Л.Цог: Үндсэн хуулийг 2-3 сар нухсан хүний хувьд хэлье. Монгол Улс парламентын засаглалтай байна гэж тогтсон. Парламентын засаглалтай үед Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодогтой хэн ч маргахгүй. Бид хуулийн төсөл боловсруулахдаа Парламент нь  Ерөнхийлөгчийг сонгодог Үндсэн хуультай болно гэж бодсон юм. Гэтэл одоо ойлголт их өөр болж, парламентаас сонгох сонгууль маань 2 үе шаттай ард түмний сонгууль болж хувирлаа. Дараагийн шатанд Монгол Улс үнэхээр Парламентын засаглалтай байна гэвэл задлахаас өөр зам байхгүй. Энэ удаа би олонхоо хүндэтгээд энэ хүсэлтээ протокольд тэмдэглүүлэхийг хүсч байна. Хэрвээ бид парламентын засаглалтай байна гэдэг шийдлээсээ татгалзах юм бол энэ шийдлийг ярьж болно. Энэ зарчмыг бид ойлгохгүй бол бүх тохиолдолд олонх нь дандаа зөв гэдэгт эргэлзэж байгаагаа хэлье. Бид логик, зарчмын хувьд зөрүүтэй ийм юм гаргахгүй байх ёстой байсан гэж бодож байна. Цаашдаа бид ямар засаглалтай байх вэ гэдгээ дахин тогтохгүй бол болмооргүй байна.

Ц.Элбэгдорж:  Нэг ойлгогдохгүй байгаа юм бол бид Парламентын засаглалтай байна гэж тогтсон. Гэтэл Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгож байгаа юм байна. Монгол бол Парламентын бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай улс мөн гэж хэлэх нь л дээ. Миний бодлоор бид нэг л зарчим баримаар байна. Монгол нэгдмэл нэг улс, нэг төртэй, нэг засаглалтай байх ёстой. Гэтэл хоёр засаглал гарч ирж байна.

С.Баяр: Аль нэгэн засаглалыг сонгож байгаа бол хоёрын хооронд биш, цэвэр тэр хэлбэрээр нь явах ёстой шүү. Одоо бид Парламентын засаглалыг сонгож байгаа бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх бэлгэдэл талдаа байх ёстой. Энэ төслөөр бол манай Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал руугаа нэлээд орчихсон, тэдний ажлыг удирдан чиглүүлэхээр байгаа. Гэтэл Засгийн газрын хариуцлагыг зөвхөн Засгийн газартай хариуцах систем биччихсэн. Баахан үүрэг өгчихдөг, эргээд хариуцлага тооцох болохоор Засгийн газар, Ерөнхий сайд гээд тавьчихдаг”.

С.Зориг: Парламентын засаглалыг бүгд дэмжиж байгаа юм байна. Гэтэл  Ерөнхийлөгчийн засаглалын зүйлүүд батлах гээд байх юм. Парламентын засаглалыг дэмжиж байгаа бол тэрэндээ зохицсон засаглалын хуваарилалт хийх хэрэгтэй. Үгээр хуураад үйлдэл дээрээ өөр юм хийж болохгүй л дээ.

Д.Энхбаатар: Бид нар чинь парламентын засаглал дээр тогтсон байгаа шүү дээ. Нэгэнт ингээд тогтсон юм чинь цааших бүх асуудал тэр эрх мэдэл, эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн тогтолцоог нэгэнт тохиролцсон парламентын засаглалтайгаа зохицуулаад явуулах ёстой. Парламентын засаглалын үед Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглал руугаа хэлбийдэг. Гүйцэтгэх засаглалын төлөөлөгч болж байгаа хүн. Тэгэхээр Парламентын засаглалын үед Ерөнхийлөгчийг зөвхөн Парламентаас сонгох ёстой. Нийт ард түмнээс сонгогдох ёсгүй. Ерөнхийлөгчийг билэгдлийн Ерөнхийлөгч гэдгээрээ тогтчихсон шүү дээ. Хэрвээ бүх ард түмнээс сонгогдох юм бол энэ чинь Парламентыгаа шууд өөрөө зарлиг гаргаад шууд дур мэдэн тараах том эрхтэй болно.

Иймэрхүү гал гарсан хуралдаан болж, засаглалын хямрал нүүрлэх тухай сануулсаар байсан ч зарим улстөрч Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох асуудлыг АИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд  217 депутат буюу 66 хувь нь дэмжиж, 91 депутат буюу 28 хувь нь татгалзаж, 19 депутат буюу 6 хувь нь түдгэлзсэнээр Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохоор шийдвэрлэжээ.

Үүний дараа Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн Баабар улс орон өнөөдөр салаа замын эхэнд байгаа тул ямар засаглалтай байх нь хамгийн гол асуудал болох тухай, түүхэн сонголтоо зөв хийхийг, буруу хийвэл алдаа биш ялт хэрэг болох тухай, АИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж дэлхий дахинд урд өмнө байгаагүй сонгуулийг дийлэнх олонхоор баталсан тухай, Э.Бат-Үүл Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг Ерөнхийлөгчтэй цуг бүх ард түмнээс сонгож байгаа учир хүчирхийлэл, дарангуйлал, фашист дэглэм ч бий болох тогтолцоог бий болгож байгаа тухай шүүмжилж байж.

 Харин АИХ-ын гишүүн Б.Чимидийг “Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож, шууд ганц шаттай сонгууль хийх юм бол Монгол Улсыг ямар улсыг Парламентын гэх үү, Ерөнхийлөгчийн засаглалтай гэх үү” гэж асуухад АИХ-ын гишүүн Ч.Хурц “Парламентынх гэж үзнэ үү, Ерөнхийлөгчийнх гэж үзнэ үү, тэрнийгээ өөрсдөө шийднэ биз. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгуулья, ард түмний засаглал учраас ард түмэн төрийнхөө эзэнтэй болье л гэж хэлж байгаа үг” хэмээн хариулж байжээ.