Иргэд тогтовортой, хийсэн ажилтай Засгийн газартай байхыг хүсдэг ч улстөрчид эсэргээр нь хүссээр 31 дэхь жилтэйгээ золгож байна.
Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа парламентын засаглалтай, хүчирхэг Засгийн газартай байх сонголтыг хийсэн ч үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгодог байх зүйл, заалтыг оруулж засаглалын алдаатай хуваарилалт хийсэн улстөрчдийн балгийг ард түмэн өнгөрсөн 31 жилийн турш хангалттай үүрэв. Үр дүнд нь өнгөрсөн хугацаанд 17 Засгийн газар солигдож, хөргөө ч зуруулж амжихгүй Ерөнхий сайд нар огцорсон байдаг.
Үүнээс Ерөнхий сайд агсан П.Жасрай, асан Н.Энхбаяр нарын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан хоёрхон засгийн газар байсан гэж үзэхээр үлдсэн 23-хан жилийн хугацаанд Монголын аод түмэн 15 Засгийн газрын нүүр үзсэн гэсэн үг.
Энэ л жишгээрээ улстөрчид хүслээ дарж чадалгүй Засгийн газрын тэргүүнийг шахалтанд оруулж, өөрсдөө болон өөрсдийн төлөөний хүмүүсээ танхимд нь шургуулсан явдал өнгөрсөн долоо хоногт болж, иргэдийн бухимдлыг дэвэргэн нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тухайлбал, “10 хувийн Даваасүрэнгээр барилгын сайд тавилаа. Улаанбаатарчуудыг хүхрийн утаагаар угаартуулсан Ганбаатарыг байгаль орчны дэд сайд болголоо. Өвөрхангай, Архангайхны шантаажнаас айж Чинзоригийг Эрүүл мэндийн сайд, Булгантуяаг Боомтын сайдаар томилов” гэх мэт шүүмжлэл өрнөсөн нь хамгийн зөөлөн байсан гэхэд хилсдэхгүй. Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг боорлож, цаашлаад Засгийн газрыг огцруулах гарын үсгийг “нүүрсний хулгайч”-аар нэрлэгдсэн таван гишүүний хамтаар цуглуулж явсан нэгэн. УИХ-ын гишүүн Г.Дамдинням түүнийг чуулганы хуралдааны үеэр “шантаажчин” хэмээн бухимдлаа илэрхийлсэн нь ч учиртай биз.
Тавантолгой түлш ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн журмын нөхдийн нэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Олны үг ортой гэдэгчлэн Х.Булгантуяа, С.Чинзориг нарын хувьд нутгийнхаа бүлэглэлийн эрх ашгийг хангаж яваа нөхөд бололтой юм.
Парламентын засаглалтай хэрнээ ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгчтэй хоёрдмол шинж чанартай төрийн байгуулалтын засаглалтай болчихсон манай улсын хувьд Засгийн газар, Ерөнхийлөгчийн институци хоорондоо уялдаагүй ажиллах нь байдаг үзэгдэл болсон мэт. Энэ асуудал гадаад харилцаанд Монголын нэр хүндийг сэвтүүлж, онигоо болгодог тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам нээсэн нь сайшаалтай. "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гаргасан үйлдэл дээр жишээ авч, Гадаад харилцааны яамандаа мэдэгдэхгүйгээр олон улсад Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн нь тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад нь болсон явдал гэдгийг онцлов.
Үе үеийн Ерөнхийлөгч нар Засгийн газрын тэргүүнийг гишүүдийнх нь хамтаар өрөөндөө дуудаж, загнадаг явдал ч Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентын засаглалтай юу гэдэг асуултыг олон улсын түвшинд тавьдаг нь гарцаагүй. Хамгийн сүүлд л гэхэд иргэдийн тайван жагсаалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг өрөөндөө дуудаж, ард түмэн гэдэг үгийг урдаа барьж, загнан, ажлаа хийж чадахгүй бол зайлах сонголт өгч байсныг олон хүн мартаагүй байх.
Тиймээс үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдэд танхимаа аварч үлдэхийн тулд Ерөнхийлөгч, УИХ-ын бүлэглэлийн шахааны нөхдийг нь сайд, дэд сайдаар авахаас өөр сонголт байсангүй. Хэрэв эс чадваас огцорч, хийж хэрэгжүүлж байсан ажлаа дунд нь орхигдуулж, дараагийн ээлжнийхнийг хоолонд оруулахаас өөр сонголт үгүй.
Иргэд тогтвортой Засгийн газар, үр дүн хүсдэг. Харин улстөрчид эсэргээрээ, Засгийн газартай хариуцлага тооцож буй нэрээр огцруулж, хоёр, гуравдугаар ээлжнийхнийг хоолонд оруулах л сонирхолтой байсаар.
Үүнийхээ тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс эхлээд бидний төсөөлж ч чадахгүй зүйлсийг хийсээр иржээ.
Энэ бүх асуудлыг цэгцлэх асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг байх. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүнийг сонгохгүй байх гэдэг заалтыг оруулах.
Дараагийн ээлжинд УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр сонгогдох боломжийг халж, Засгийн газрын тэргүүнд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх, өөртэй нь үзэл бодол нийлэхгүй байгаа гишүүдийг огцруулах хэмжээний эрх мэдлийг олгох ёстойг судлаачид онцолж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ