Ардчилсан Үндсэн хууль баталсны 31 жилийн ойг угтан “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулганыг эрх баригчид зохион байгуулав. Чуулганд шинэ Үндсэн хуулийг батлахад гар, бие оролцсон Ардын их хурлын депутатууд, одоогийн УИХ-ын гишүүдээс гадна иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг бүтээх замыг сонгосноос хойшхи 31 жилд юу өөрчлөгдсөн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэлийг онцолж байна. 

Монгол Улс анх 1924 Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаглалтай орон болсон. 1940 онд 2 дахь үндсэн хуулиа баталж, хөрөнгөтний бус замаар хөгжих зорилтыг дэвшүүлсэн бол 1960 онд  социалист нийгмийг төлөвшүүлэх зорилготой 3 дахь Үндсэн хуулиа баталсан байна. Харин 1992 онд  Ардчилсан шинэ Үндсэн хуулиа зургаан бүлэг, 70 зүйлтэйгээр баталж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласан байна.

Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоосноос хойшхи 31 жилд  Монгол Улсын хүн ам 1.2 саяар нэмэгдэж, 3.4 сая болов. Монголчууд нийгмийн олон талт харилцаанд оролцож, олон ургальч үзлийг нэвтрүүлэн, ардчилсан үнэт зүйлтэй болж, эрх чөлөөний үзүүлэлтийн индексээрээ ази, номхон далайн орнууддаа өндөрт эрэмбэлэгдэх болсон. Гуравдагч хөршийн бодлого баримталж, олон улсад нээлттэй оронд тооцогдож эхэлсэн зэрэг ололт бий. Харамсалтай нь сайнаасаа саар нь олон байгаа нь шинэ Үндсэн хууль батлагсад засаглалын хэлбэрээ оромдож, хоёр салаа зам дээр нэг, нэг хөлөө тавьсан мэт байдалтай орхисноос болж, өнөөдрийн нийгэм үүсэх нөхцлийг бий болгожээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын хувьд засаглал нь тогтворгүй, олон сайд томилогдож, галзуу хулгана дээр суусан мэт эдгээр он жилийг өнгөрөөснөөс болж, сахилга хариуцлагагүйн зуд төрийн албаны бүх шатанд нүүрлэсэн. Төрийн албаны мерит зарчим алдагдаж, авилгын индексээрээ байнга ухарсаар хулгай нүүрлэсэн төртэй боллоо. Төрийн өмчит компанийн "Хурган дарга"-ын гэрээс хэдэн төгрөг олдсоныг та бүхэн харж байгаа. Тиймээс авилга нүүрлэсэн төрийн албаныхны асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй.

Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Нүүрс, зэс гэсэн хоёр сэдэв дээр улсаараа улайрч байна. Энэ хоёр сэдэв Монголын хууль, шүүх, прокурорыг тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдийг худалдаж авч байгаа учир энэ асуудлыг ч ил болгох асуудал тулгарч байна. Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл энэхүү баялгаасаа ард иргэд зүй ёсоор хүртэж чадаж байгаа эсэх асуудал өнөөдөр сөхөгдөж байна. Баялгийг зохистой ашиглах талаар олон удаа ярьсан ч өнөөдрийг хүртэл бодитой шийдэл гаргаж чадаагүй л байна.

Улаанбаатар хотод 586,000 иргэн байхад л тавдугаар ДЦС болон бусад асуудлыг ярьж байсан ч асуудлаа шийдээгүй үлдээсний улмаас эрчим хүчний хомсдолд орж, дэд бүтцийн асуудал, түгжрэл бий болоод байна. Өнөөдрийн Улаанбаатарын асуудал бол өнгөрсөн 31 жилд алдаагүй засаагүй улс төрчдийн ирээдүйдээ үлдээсэн өв.

Манай улсын эдийн засгийн ДНБ 44 их наяд төгрөг бол гадаад өрийн хэмжээ 96 их наяд төгрөг байна. Энэ нь бид ДНБ-ээс хоёр дахин их, улсын төсвөөс 4-5 дахин их гадаад өртэй болсон гэсэн үг. Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн арван хувийнх нь зарцуулалт хэвийн бол 90 хувь тухайн зээлийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон. Улсынхаа нэрээр бонд босгож, зориулалт бусаар ашиглачихаад Хөгжлийн банкийг дампууруулах санаатай байсан ч асуудал нь ил болж их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, дампуурлаас аврагдсан.

 Улсын төсвийн 77 хувийг урсгал засвар эзэлдэг, хөрөнгө оруулалтын зардал 23 хувийг эзэлдгээс 2.9 их наяд нь шилжих хөрөнгө оруулалт буюу өмнөх жилийн хөрөнгө оруулалтыг дуусгах төсөл байдаг. УИХ-ын сонгуулийн шоунаас болоод зарим газарт 15 жил баригдаж дуусаагүй соёлын төв, 17 жил баригдаагүй цэцэрлэг, сургууль байна. Иймэрхүү асуудлыг шилжих хөрөнгө оруулалтаар шийдсээр шинэ хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг ч зарцуулж чадахгүй байдалтай байгаа нь нууц биш. Тиймээс цаашид төсвийн орлого, зарлагыг тэнцвэртэй байлгах асуудлыг анхаарахаас өөр аргагүй” хэмээсэн юм.