Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “INVEST KHOVD – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2023”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулах гэж байна.
Тус форумыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа юм байна.
“INVEST KHOVD – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2023”-ын хүрээнд:
•Invest Khovd - Хөрөнгө оруулалтын форум;
•“Unplug – Шинэ үеийн манлайлагчдын цугларалт” арга хэмжээ;
•“Hack for Khovd” шийдэл эрэлхийлэх хакатон;
•Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн VIP уулзалт;
•Ховд аймагт хийх шинэ хөрөнгө оруулалтын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа;
•Хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт;
•Улаанбаатар хот болон Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга;
•Хөдөлмөрийн яармаг зэрэг дэд арга хэмжээг зохион байгуулагдана.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон албан ёсоор зарласантай холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс уламжлалт “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2023” цас мөсний баяр наадмыг 2023 оны 1-р сарын 21-22-ны өдрүүдэд Хар-Ус нуурын цогцолборт зохион байгуулна. Тус наадмыг баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай зэрэг цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Бизнес эрхлэгчид Ховд аймагт зохион байгуулагдах “INVEST KHOVD – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2023”-д оролцож, хөрөнгө оруулалтын шинэ боломж, нөхцлийг эрэлхийлэх, Монгол Улсын баруун бүсийн нөөц боломжийг нээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үндэсний өв соёл, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2023” арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ