Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хорооны сонсгол эхэллээ. Энэхүү сонсгол энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулах юм. Хоёр дахь сонсголыг хоёрдугаар сарын 6-10, гурав дахь сонсголыг гуравдугаар сарын 13-17-нд зохион байгуулна. Энэхүү сонсголоор нотлох баримтыг дэлгэцэд харуулан гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах аж. Өөрөөр хэлбэл, энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан гэгдэж хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа компаниудиас мэдээлэл сонсож, иргэдийг мэдээллээр хангах юм. Ингэснээр мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн “найраа” үүсэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар онцолсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Энхбаяр “Сонсголоор олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд пүү паа болох нь ойлгомжтой. Ард түмний төлөөллийн дээд байгууллага хулгайг нотлох, илчлэх, эвлэрэхгүй байхад манлайлж ажиллах үүрэг хүлээсэн.
Нотлох баримтыг шинжлэх сонсголоор шууд асуулт хариулт, зарим талаар мөрдөн шалгалт, байцаалтын нотлох баримтыг дэлгэцэд үзүүлж, асуух байдлаар үргэлжилнэ. Танхимд шууд дамжуулалтын дөрвөн камер байршуулна. Гэрчээр асуугдаж байгаа асуулт нь хууль хяналтын байгууллага, шүүх дээр нотлох баримт гэж үнэлэгдэх учраас асуугдаж байгаа хүний өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах шаардлага бий. Тэр утгаараа тухай мэдүүлэгт саад болохгүй байх, нөлөөлөл учруулахгүй байх, хараат бусаар орох нөхцөлийг тооцоолон хязгаарлалт хийсэн
Уг сонсголыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу зохион байгуулна. Сонсголыг хий хоосон улс төржилт, дэг журамгүй “циркийн тайз”, “алиалагчид”-ын цуглуулга болгохгүй байхад анхаарч, зөвхөн хяналт шалгалтын үр дүнгээр илэрсэн, цугларсан нотлох баримтыг үнэлж, холбогдох гэрчийг асууна” гэж мэдэгдсэн.
УИХ-ын Хянан шалгалтын тухай хуулийн дагуу сонсголд иргэд, олон нийт чөлөөтэй орох боломжгүй, зөвхөн түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууна. Хэвлэлийнхэн оролцохгүй. Таван төрийн бус байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж байна.
Өнөөдөр эхэлж буй нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах Бэрэн групп, Зэст Өндөр ХХК, Монгол мах экспо, Монгол, эм импекс концерн, Монгол драй милк, Газимпорт ХХК, Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК, Айч эйнд айч ремикон ХХК, Инсайд ХХК, Импералгоулд майнинг ХХК гэсэн 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална.
СЭТГЭГДЭЛ