Улстөрчид Хөгжлийн банкийг анх байгуулахдаа “УИХ-ын чуулганаар хэлэлцэж зөвшөөрсөн, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой” гэж олон нийтэд танилцуулж байсан. Харамсалтай нь тэрхүү танилцуулга бодит байдал дээр хэзээ ч биелэл олоогүйг өнөөдөр эхэлсэн Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороон сонсголын үеэр ярьсан, хэлсэн зүйлс баталлаа. Сонсголоор Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан гэгдэн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа зээлдэгчдээс мэдээлэл авч, гэрч, шинжээчдийн үгийг сонсож буй.

Хөгжлийн банкаас хэн, хэний ямар компаниуд  зээл авсан бэ, зээлээ хэрхэн зориулалтын бусаар ашигласан бэ гэдэг нь тодорхой болох юм. Энэ цаг мөчтэй зэрэгцэн сэтгүүлчид Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоотой шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулах хүсэлт гаргасан нь Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс зугатаалгах санаархлуудад анхааруулга өгөв бололтой.  

Бэрэн группын захирал 1.5 сая ам.доллар казинод алдсан байж болзошгүй

 

Барилгын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг болох Бэрэн группынхан Гангийн үйлдвэр барих зорилготойгоор Хөгжлийн банкнаас зээл авсан ч зориулалтын бусаар зээлээ зарцуулсныг нь шинжээч тогтоосон байна. Тодруулбал, охин компаниудынхаа өрийг барагдуулахаас эхлээд тус группын захирал Б.Мөнхтөр нь зээлийнхээ мөнгөнөөс 1.5 сая ам.долларыг казинод алдсан байж болзошгүйг баримтаар нотолжээ. Ингэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн хамтаар явсан гэсэн мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэлсэн нь учиртай биз. Б.Мөнхтөрийн хувьд Архангайнх бөгөөд түүнийг зээл авахад Т.Бадамжунай нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хардлагыг сонсголын үеэр гишүүд хэлж байсан.

 Х.Ганхуяг нөлөөлж, “Вертекс майнинг партнер” ХХК-нд  зээл олгуулсан байх магадлалтай

Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК нь 33 тэрбум төгрөгийн зээл аваад, 2022 онд хаажээ. Тус компанид УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг ажилладаг  байна. Энэхүү компани нь 2017 онд байгуулагдаж байжээ. Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч нь энэхүү компанид ажилладаг гэдэг мэдээлэл гарч, зээлээ 2022 онд барагдуулсан байна.

5.6 тэрбумын зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй “Мон лаа” компанийн захирал сонсголд ирсэнгүй

"Мон лаа" компани Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах төслөөр Хөгжлийн банкнаас 5.6 тэрбумын зээл авсан. Гэсэн ч  эргэн төлөлт хийлгүй чанаргүй зээлийн ангилалд орж, 7.6 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Тус компаний захирал Х.Энхсайханыг өнөөдрийн Хяналтын сонсголд дуудсан ч хуралд ирээгүй аж. Энэ компанид зээл өгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэх асуудлаар Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийг гэрчээр дуудаж, тайлбар авахад энэ асуудлаар АТГ-т мэдээлэл өгснөө хэлсэн юм.

Эргэн төлөлт хийгээгүй Газ импорт ХХК-ийн захирал 1.3 тэрбум төгрөг хувьдаа гаргаж авчээ

Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө Х тайлан гаргаж байсан “Газ импорт” ХХК нь 2017 онд 4.9 тэрбум төгрөгийн зээл авч,  нэг ч төгрөг төлөөгүй, чанаргүй зээлдэгчийн тоонд багтаж байна. Нийт 7.9 тэрбумын зээлийн өртэй бөгөөд Гүйцэтгэх захирал П.Мягмардорж гэхэд л 1.3 тэрбум төгрөгийг хувьдаа гарган авсныг сонсголын үеэр шинжээч тайларласан. Мөн компанийн данснаас Таванбогд компани руу машин авахаар 80 сая, хувьцаа эзэмшигчийн хувийн данс руу 90, 10 сая төгрөг шилжүүлэн, нисэх онгоцны зардал зэргийг төлж байсан байна. Энэ үеэр хурал даргалагч “Тус компани талаарх мэдээлэлд МАН-ын байрны түрээсийн төлбөрт тэрбум гаруй төгрөгийг төлсөн гэдгийг шинжээчийн мэдээллээр нотлох баримтын хүрээнд үндэслэж байгаа юм” хэмээн онцолж байв. 

47 тэрбумын өртэй "Монгол драй милк" ХХК-ийн гэрчээр О.Цогтгэрэл гишүүн ирэв

 Хөгжлийн банкинд 47 тэрбум төгрөгийн өртэй “Монгол драй милк" ХХК  ирээдүйд бий болох орлогоо барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авчээ. Энэхүү компанитай холбоотой асуудлын гэрчээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг дуудсан бөгөөд тэрбээр “Монгол драй милк ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэгийг танина. Гэхдээ ямар асуудлаар гэрчээр сонсголд дуудагдаж байгаагаа мэдсэнгүй. Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож байгаад харамсаж байна. Э.Эрдэнэбилэг гэж залууг танина. Харин "Монгол драй милк" компанийн захирлаар ажиллаж байгааг хэвлэлээр мэдсэн. Холбоо барилгүй 10 гаруй жил болсон байна. ТЭСО-д ажиллаж байсан нь үнэн. Тиймээс ТЭСО-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байх” гэсэн юм.

Сонсгол энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд эхний сонсголоор Бэрэн групп, Зэст Өндөр ХХК, Монгол мах экспо, Монгол, эм импекс концерн, Монгол драй милк, Газимпорт ХХК, Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК, Айч эйнд айч ремикон ХХК, Инсайд ХХК, Импералгоулд майнинг ХХК гэсэн 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтад тулгуурлан мэдээлэл солилцох юм.