Энэ оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд бус орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашигласны үндсэн дээр зорилтот бүлгийг тодорхойлсны үндсэн дээр олгохыг УИХ-аар зөвшөөрсөн. Харамсалтай нь уг аргачлалыг нэвтрүүлэх явцад иргэдийн мэдээлэлд зөрүү гарч үл ойлголцол үүссэн учир Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим харилцаа холбоо хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалын тооцооллыг боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн 10 гаруй байгууллага, дэлхийн банк хамтран ажилласан. Бид дэлхийн 40 гаруй улс оронд ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Энэ нь олон улсад зорилтот бүлгийг тодорхойлоход ашиглагддаг өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг гаргадаг аргачлал юм. Энэ аргачлалын дагуу нийт өрхийн үнэлгээг хийсэн. Уг үнэлгээг хийгээд нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох босгыг тогтоосон. Энэ аргачлалыг зөв тогтоосон гэдэгт ажлын хэсэг болон боловсруулсан баг хамт олон бүрэн итгэлтэйгээр мэдэгдэж байна” гэсэн юм. Харин ЦХХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй. Мэдээлэл зөрүүтэй байна гэж үзэж байвал засуулахбүрэн боломжтой. Цахим мэдээлэлдээ тулгалт хийсэн нийт 470 орчим иргэн мэдээллээ тулгасан байна гэж үзэж байна. Тиймээс иргэд мэдээлэл хариуцагч байгууллагад хандаж мэдээллээ засуулах боломж бий. Хоёр систем болох ehalamj.mn, E-mongolia.mn сайтад нэвтэрч, мэдээллээ шалгаж болно. Төрд байгаа мэдээлэл дээр үндэслэж тооцоо хийсэн. Таны ийм мэдээллийг хүүхдийн мөнгөний босго оноо тооцох зорилгоор ашиглаж байгаа талаарх мэдэгдлийг хуулийн дагуу иргэдэд хүргүүлсэн” гэв.
ХНХХ-ны газрын дарга А.Хишигбаяр “Төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхүүдийг үнэлсэн. Төр иргэн хамтарч цахим шилжилтийн хүрээнд мэдээллээ засварлах шаардлага гарчээ. Ийм учраас иргэд та бүхэн Ehalamj болон Emongolia-д хандаж мэдээллээ засаж залруулах боломжтой. Алдаагаа засаж шинэчлүүлж хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно. Цахим системд мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол тухайн харьяа байгуулагдаа хандан засуулах бүрэн боломжтой. Мэдээллээ засуулсан бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар орлого аж байдлыг дахин нягталж оруулна. Бид яагаад шууд засварлах боломжгүй гэхээр төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Өчигдөр маш олон иргэд цахим системд хандсан учир урьдчилсан байдлаар иргэдийн гар утас руу зурвас илгээсэн. Хэрэв цахим системд зөрүүтэй байгаа бол хүсэлт илгээх боломжтой нээлттэй” гэдэг мэдээллийг өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ