Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслийн явц, үр дүнг хянан шалгах түр хорооны сонсголоор өнөөдөр 15 компанийн асуудлыг хэлэлцэж, 57 гэрчээс мэдээлэл авсан. Энэ удаагийн сонсголд уул уурхайн компаниуд цөөнгүй байсан бөгөөд “Шалгуур хангахгүй эдгээр компаниудад ямар учраас зээл олгов” гэж асуусан гишүүд их байлаа.
Тухайлбал, "Империал гоулд майнинг" ХХК 2019 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл хүсэх үед нь тухайн компанийн барьцаалахыг хүссэн тусгай зөвшөөрөл өөр банкин давхар барьцаанд байсан зэрэг нь сонсголд оролцогчдын гайхшийг төрүүлж байсан. Мөн тагнуулын ерөнхий газрын дарга асан Гэрэлийн охин Г.Хулангийн ТУЗ-ийн даргаар нь ажилладаг "Шарын гол" ХХК авсан зээлээ төлж барагдуулсан ч дөрвөн тэрбум төгрөгийг “Хэрлэн онон туул” ББСБ-руу шилжүүлж, зориулалтын бусаар ашигласныг мөнгө угаасан байж болзошгүй гэж хардаж байгаагаа гишүүд хэлж байв. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 60 гаруй компанид зээл олгох жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлж байжээ. Энэ талаар Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр “Үнэндээ алтны компаниуд шаардлага хангахгүй байсан ч яамнаас шахалт ирж, Засгийн газрын бодлогыг дэмжих хэрэгтэй болсон. Бид долоодугаар сард цаг хугацаанд шахагдаж, зарим нэг компаниудад зээл олгосон. Гэвч дийлэнх нь янз бүрийн шалтгаанаар зээлээ төлөөгүй ээ. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хэнд зээл өгөх, өгөхгүйгээ чиглүүлдэг. Миний хувьд гүйцэтгэлийн түвшний ажилтан учир банкны ТУЗ, удирдлагууд Засгийн газрын хуралд сууж, мэдээлэл авдаг байсан” гэсэн хариултыг өгсөн юм.
Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг өнгөрсөн оны есдүгээр сард албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьж байв. Тэрбээр 2016-2019 оны хооронд Б.Батбаяр гүйцэтгэх захирлын үед ажиллаж байсан бөгөөд тэдний багийг Чингис, Самурай бондын эх үүсвэрээр 2011-2016 оны хооронд олгогдсон зээлүүдийг төлүүлээгүй. Улсын төсөвт шилжүүлсэн гэдэг шүүмжлэл дагадаг.Өөрөөр хэлбэл тухайн зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авахын оронд шууд улсын төсөвт шилжүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нөхцлийг бүрдүүдсэн гэсэн үг. Ч.Мөнхбаярын хэлсэн асуудлаас үүдэн тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар хэн ажиллаж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетын гишүүд хэн хэн байсан зэрэг асуудлууд ар араасаа хөврөх биз ээ.
З.Энхболдыг гэрчээр дуудаж магадгүй
Сонсголын үеэр олны анхаарлыг татсан бас нэгэн асуудал байсан нь Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК-ийн зээл. Тус компани нь анх төсөл нэрээр зээл авч, дараа нь зүээс хувилган ТӨХК болсон нь анхнаасаа зээлийг эргэн төлөх сонирхолгүй байсан уу гэдэг асуултыг бий болгосон.
Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилготой санхүүжилт авсан тус компани одоогоор 56.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Тухайн үед Эрчим хүчний яамнаас уг зээлийг судалж, ирээдүйд бий болох борлуулалтын орлогыг нь барьцаалж авч байжээ. Анх 2013, 2014, 2016 онд тус зээлийг олгохдоо Эрчим хүчний яамд олгож байсан. Дараа нь төрийн өмчит компанид нь нэгтгэсэн байна. Уг төслийг УИХ-ын гишүүн асан Д.Одхүү удирдаж байсан бөгөөд анх 2013 онд зээл авах үед нь Бондын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх байсан гэдгийг УИХ-ын гишүүд онцолсон. Ямартай ч тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболдыг нээлттэй сонсголд гэрчээр дуудах нь цаг хугацааны асуудал бололтой.
Зам тээврийн сайд С.Бямбацогтын дүүгийн компанийн зээл хэвийн ангилалд багтжээ
С.Балжинням захиралтай "Вестерн холд" ХХК нь "Ховд эко цемент" төслөөр Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларыг 26 хувийн хүүтэйгээр таван удаагийн олголтоор авчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман тэрбум төгрөг, хүүнд 20.3 тэрбум төгрөг төлжээ. Одоогоор зээлийн үлдэгдэл нь 88 тэрбум, хуримтлагдсан зээлийн хүү 0.2 тэрбум төгрөг байгаа учир зээлийг хэвийн ангилалд оруулжээ. Сонсголд компанийн гүйцэтгэх захирал С.Балжиннямыг дуудсан ч ирээгүй. Тэрбээр Зам тээврийн сайд С.Бямбацогтын дүү юм. Тус компанийн хувьд өөрийн хамаарал бүхий компани "Ховдын өргөө" компанийн дансанд 5.4 сая ам.долларыг шилжүүлсэн. Мөн Чингис хаан банкнаас10 сая ам.долларын шилжүүлгийн гүйлгээг саатуулж, зургаан сар орчим болсныг шинжээч хэлж байсан юм.
Нээлттэй сонсгол энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ