УИХ 2022 оны 12 дугаар сарын 22-нд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоол гаргасаны дагуу УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлтэй болж, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдээр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд ажиллаж байгаа. Тус Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 


Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ үеэр "УИХ-ын тогтоолын дагуу Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж анхны Зөвлөлдөх санал асуулгынхаа I үе шатыг 2023 оны 01 дүгээр сард зохион байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 14, 15-нд хоёр дахь шатны Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтыг Зөвлөлдөх зөвлөл, ҮСХ, УИХ-аас гарсан Ажлын хэсэг, УИХ-ын тамгын газар хамтарч зохион байгуулхаар бэлтгэлээ хангаад байна. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна, Тусгаар тогтнолтой холбоотой том асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Үндсэн Хуулиас хасах гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. УИХ-ын дарга өөрийн цахим хаягаараа дамжуулан ийм асуудал байхгүй гэдгийг тодорхой хэлсэн. Өнөөдөр мөн УИХ-ын Ажлын хэсэг, УИХ-д суудалтай улс төрийн намуудаас шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн сэдэв дотор Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд тулгамдаж байгаа дөрвөн том асуудлын хүрээнд ярих юм.

Нэгдүгээрт: Өнгөрсөн өвөл болсон жагсаал цуглаантай холбоотойгоор иргэний эрх, улс төрийн эрх, хэвлэн нийтлэх эрх, үг хэлэх эрхтэй холбоотой олон санал гарсныг ярилцана.

Хоёрдугаарт: Парламентын ардчиллын асуудал. Парламентын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг ярилцана.

Гуравдугаарт: Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудлыг ярина.

Дөрөвдүгээрт: Нийгмийн бодлогын тулгамдсан олон асуудлыг ярина. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт гэдэг бол ард түмнийхээ саналыг тодорхой хүрээнд, тодорхой тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц юм. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалтаар шинэ Үндсэн хуулийн асуудал огт ярихгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Н.Энхбаяр гэдэг хүний боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэж батлах гэж байна гэсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулж байна.