“Хөдөөгийн сэргэлт” чуулганаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд”-ийг танилцууллаа. Судалгаагаар нийслэлд шилжин ирэгсдийн 86 хувь нь орон нутаг руугаа буцан шилжих хүсэлгүй байгаа бол 13 хувь нь аймаг, сумд руугаа шилжих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Орон нутаг руу шилжин явагсдын тоо нэмэгдэхгүй, хүсэл сонирхол байхгүй байгаа нь хөдөөд ажлын байр, дэд бүтэц хангалтгүй, амьдралын чанар нэмэгдэхгүй байгаатай холбоотойгоор тайлбарлаж болох юм.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан талаар ЗГХЭГ-ын дарга дурдлаа. Тус төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ.
Түүнчлэн энэ жил орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор мэдээллийн цэгүүдийг ажиллуулах, цахим порталыг нээх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг ЗГХЭГ-ын дарга онцолж байна.
ЗГХЭГ-ын даргын зүгээс “Орон нутагт тогтвортой ажлын байрыг бий болгохын тулд хувийн хэвшлийг бүх талаар дэмжин ажиллах нь чухал. Тиймээс Засгийн газраас 2022 оны 9-р сард төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төрөөс эрхлэхгүй байх тухай тогтоолыг гаргасан. Энэ хүрээнд төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж эхэлсэн” талаар дурдлаа. Ингэснээр дан ганц нийслэлд бус орон нутагт төрийн зарим ажил үйлчилгээг аж ахуй нэгж гүйцэтгэж, тэр хэрээр ажлын байр, тогтмол орлого бүрдэх учиртай. Тиймээс төр гүйцэтгэх байгаа ажил үйлчилгээг эрхлэх хүсэлтээ иргэд холбогдох шатны удирдлагуудад хүргүүлэхийг уриаллаа.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар төрөөс олгож буй зөвшөөрлийн тоог дор хаяж 3-4 дахин бууруулсан. Цаашлаад 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль дагуу ААН-үүд, хөрөнгө оруулагчид төртэй хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад ажиллах боломж нээгдэх юм.
Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид Улаанбаатар хотод ажиллаж буй албан хаагчидтай харьцуулахад 20-100 хувийн илүү цалин хөлстэй ажиллах боломжтой болсон нь аймаг, сумдад ажиллаж буй иргэдээ дэмжсэн нэг алхам гэдгийг мөн тодотголоо.
Аймаг, сумдын засаг дарга нар төрийн үйлчилгээг хүртээмжтэй бөгөөд хялбар болгоход хурдан шуурхай ажиллах шаардлага тулгарч байна. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” төвийг орон нутгуудад ажиллуулж, төрийн үйлчилгээг хаанаас ч чирэгдэлгүй, цаг хугацаа шаардахгүйгээр авах боломжийг нээхээр Засгийн газар ажиллаж байна.
Цаашлаад орон нутагт шилжин суурьших иргэн, ААН-үүд тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг мэдээллээр хангах, шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн сайтыг ажиллуулж эхэлнэ. Эдгээр бодлого, үйл ажиллагаа нь Монгол Улсын хаана ч очиж амьдарсан амьдралын ижил нөхцөл боломжтой байхад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ