Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн гүний уурхай ажиллаж эхэлснээр манай ДНБ хоёр дахин нэмэгдэнэ гэдэг тооцоо гарсан" хэмээсэн. Энэ өдөр өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13 Монголчуудын түүхэнд “Оюутолгойн ордын өгөөжийг хүртэх эхлэл болсон” хэмээн тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй биз.
Оюутолгой хэмээх дэлхийд тэргүүлэх ордыг ашиглах гэрээг үзэглэсэн С.Баярын Засгийн газар олон шүүмжлэлийг дагуулсан ч эхлэлийг нь тавьж чадсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинто групптэй хэлэлцээрийн ширээнд сууж, Дубайн гэгдэх гэрээг хүчингүй болгож, Оюутолгойн гэрээний алдааг засаж, гүний уурхайг эрт эхлүүлэх нөхцлийг бүрдүүлж, Монголчуудад Оюутолгойн ордынхоо өгөөжийг хүртэх цагийг наашлуулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь.
Экспортын орлогынхоо 93 хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг манайх шиг улсын хувьд Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засгийн хямралыг дайрахгүй тойрч чадна гэдэг гэрэл асаж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн ДНБ хоёр дахин нэмэгдэж чадвал одоогийн бидний амьдралын түвшин шууд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Эрдэнэтээс долоо дахин том гэгддэг Оюутолгойн уурхайн нийт баялгийн 80 хувь нь гүндээ бий. Тэгэхээр дөнгөж үүцээ задалж буй Оюутолгойн орд одоо л монголчуудыг тэжээж эхлэх нь.
Энэ цагийг наашлуулахын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулан Рио Тинто групптэй халз тулан ажилласан гэж хэлж болно. Рио Тинтогийн зардал хэтрүүлж, гүний уурхайг ашиглаж эхлэх хугацааг хойшлуулан, Монгол Улсад ногдох хувийн хүртэх ашиг хойшилсоор байсан шалтгааныг хөндлөнгийн аудитаар хянуулж, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, монголчууд Оюу толгой төслөөс хүртэх өгөөж улам бүр багасч, хойшилж буй талаарх тооцоо судалгааг олон нийтэд танилцуулан, Рио Тинтог буулгаж байв.
Үүний үр дүнд Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34%-ийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашилсан. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцахаар болсон зэргээр Монголын талд асуудлууд шийдэгдэж эхэлсэн билээ.
Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Оюутолгой төсөлтэй холбоотой хийсэн чухал алхам нь "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж, шинэ гишүүд томилсон явдал байсныг онцлох нь зөв юм.
СЭТГЭГДЭЛ