Тэрбээр хэлсэн үгэндээ “АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална. Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна. Тиймээс зөвхөн индекс хөөцөлдөх бус авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг Улсын Их Хурал хуулийн бодлогоор дэмжиж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай.  Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Авлигыг үл тэвчиж, хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх явдал нийгмийг эрүүлжүүлэхэд чухал юм. Ийм хүсэл зориг, үзэл баримтлалаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд эмнэлэгт үзүүлж, сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл “Өгөх ёстой. Өгч байж сайн эмчлүүлнэ, хүүхдээ сайн сургана” гэсэн үзэл хандлагатай болжээ. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн төрийн хянан шалгах хараат бус, бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээсэн юм.