Засгийн газраас дахин нэг салбарт дэлбэрэлт хийсэн нь боловсролын зээлийн сангийн асуудал байлаа. “Дарга нарын хүүхдүүд, хамаарал бүхий хүмүүс хэдэн 100 саяар нь зээл авч, гадаадад сурдаг” гэдгээс өөр мэдээлэлгүй шахам байсан энэхүү сангаас зээл авч сурсан бүх хүмүүсийн нэрийг ил болгов. Цаашид бүр шилэн болгох гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад “Шинэ сэргэлт-шинэ мянган” илтгэл тавих үеэрээ Боловсролын зээлийн санг шилэн болгож, тус сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад хяналт тавьж ажиллахаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд жил бүр уламжлал болгон оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд өнөөдөр оюутнуудтай уулзах үеэрээ зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцах юм.