Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус компани нийт 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ. Үүнээс 771.9 сая ам.доллар бэлнээр, 138.1 сая ам.доллар оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна. Онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлжээ. Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” ХК баталсан төсвөөс долоон сая тн- оор илүү буюу 13.5 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. Харин энэ оны төсөвт тус компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцоолжээ. Гэхдээ гуравдугаар сарын 25-ны байдлаар 7.0 сая тн нүүрс борлуулснаар жилийн эцэс гэхэд хамгийн багадаа 24-30 сая тн нүүрс борлуулах төлөвтэй байна. 

          Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллароор борлуулж эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт 96 мянган тн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Өмнө нь коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулаад байсан юм. Эрчим хүчний нүүрсийг 2020 онд тн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам доллароор худалджээ. 

Ийнхүү эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрэв олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл тогтвортой байвал эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлого 300 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой аж.