“Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэгт итгэн Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид бүх зүйл сайхан болно гэж итгэсэн, хүлээсэн.
Харамсалтай нь намынхан нь дээгүүрээ тамга, тэмдэг, гэрчилгээгээ булаалдаж, хулгайчуудаа хаацайлсан хэвээр байна.
УПЕГ-аас Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсны дараа Ардчилсан намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг л бужигнав.
УИХ-ын гишүүд нь Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүний өрөөнд нууцаар хуралдаж, “Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхийг эсэргүүцнэ. Хэлмэгдүүлж байна” гэсэн мэдээлэл хийлээ.
Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Ардчилсан намын гишүүдээс “Өмнөговиос сонгодсон гишүүдээ хамгаална” гэсэн мэдэгдэл хийсэн гээд зохион байгуулалттайгаар л үзэж тарж байх шиг. Энэ юу ч биш, “Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүн “Намайг авраарай” гээд гишүүн бүрт нэг тэрбум төгрөг тарааж явна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тэнэж явна билээ.
Нөгөө талаас нь харахад тамгаа атгаагүй ч Ардчилсан намын даргаар батламжлагдаад байгаа Л.Гантөмөрөөс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй боллоо, Ардчилсан намынхан.
Өчигдөрхөн болж өнгөрсөн үйл явдлуудын өрнөл, давхцал, намын дарга болонгуутаа гишүүд, дэмжигчидтэйгээ хийх уулзалтаа Өмнөговиос эхэлсэн зэргээс харахад Л.Гантөмөр Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүний өлмийд Ардчилсан намыг хадганд ороогоод хэдийнэ дэвсчихсэн нь тодорхой боллоо. Анхнаасаа л С.Баярцогтыг З.Нарантуяатай хавсарч унагах тохироотой намын даргын сунгаанд нэр дэвшиж, ялалт байгуулсан Л.Гантөмөр хулгайчуудаа хамгаалах шийдвэр гаргаснаараа лидер биш утсан хүүхэлдэй гэдгээ баталчихлаа.
Намын даргаар батламжилж нүүр царайгаа болгохоор болсон нөхрөө, УИХ дахь Ардчилсан намын гишүүдийнхээ нүүрийг улалзуулж, намынхаа нэр хүндийг уландаа гишгэн байж УИХ-ын гишүүний бүрэн эрхээс үхэн хатан зуурч байгаа гишүүдэд “Ардчилсан нам”-аар овоглож, омогшиж, сайрхаж явдаг гишүүдийнхээ “урмыг нь хугалахаар ууцыг нь хугалаач” гэе дээ.
Нам та бүхний бамбай биш, УИХ-ын гишүүний бүрэн эрх хоргодох байр биш!!!
СЭТГЭГДЭЛ