УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлөн БНХАУ-ын нэр бүхий гурван компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулуулан давуу байдал бий болгожээ. Мөн Ковидын үед УОК-оос гаргасан журмыг зөрчилж Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэн гаргадаг “Чинхуа транс” ХХК-ийн нүүрс тээврийн 32 машиныг тээврийн үйл ажиллагаанд оролцуулж, хилээр нэвтрүүлэх эрхийг олгох зорилгоор УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Онцгой комиссын дарга, Шивээ хүрэн боомтын дарга нарт хууль бусаар нөлөөлсөн аж.
Үүнээс гадна өөрийн төрсөн дүү О-гийн “Өлзийт ойл” ХХК-ийн “Петро трак” ХХК-иас худалдан авахаар тохирсон нүүрс тээврийн 2 ширхэг чирэгч толгой машин, чиргүүлүүдийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор халдвар хамгааллын хорио цээрийн дэглэмтэй үед хууль бусаар гаалийн дараалал зөрчүүлэн улсын хилээр оруулж ирсэн.
Төрсөн дүү О-гийн “Сэрсэн говь” ХХК-тай 2017 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЗДТГ-аас зарласан 60 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, олгосон гэх зэрэг үндэслэлүүдээр “нүүрсний хулгай”-д шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна Н.Наранбаатар гишүүний ХУД-т байрлах Маршаул таун хотхоны тансаг зэрэглэлийн 250м2 орон сууцыг худалдан авсан эх үүсвэрийг шалгаж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ