Ардчиллын анхдагч С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун ахынхаа төрсөн өдрийг тохиолдуулан, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлчихээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Энэ үеэрээ С.Оюун: "Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр цэцэг өргөдөг. Төрсөн өдөр бүр дээр нь энэ хэргийн талаар ярьдаг. Би өөрөө гадаадад амьдарч байгаа, цөөхөн хэд хоногоор Монголд ирсэн. Өчигдөр мэдээ сонссон. Үүнийг зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна.
2016 онд анх энэ хэрэг шүүх рүү явах болсон гээд хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хурал дээр ч итгэл үнэмшилгүй байна гэдгээ анхнаасаа хэлж байлаа. Тухайн үед хэргийн бүх материалыг төрийн нууцад аваад, шүүх хурал хаалттай болж байсан учраас гэр бүлийн зүгээс оролцоогүй.
Гэхдээ эргэлзэж байгаагаа хэлж байсан. УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд хүртэл энэ хэргийг нууцаас гаргах ёстой гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь 3 шатны шүүхээр яваад энэ хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Нэгдүгээрт, энэ хэргийг нууцаас гаргах ажлыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагчийг нь, гүйцэтгэгчийг нь. Сүүлдээ гэр бүлийнхэн нь тэр хүмүүсийг нь олдоггүй юм гэхэд өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байсан. Ийм л юм хэлмээр байна. Хэрэв буруу илрүүлээд энэ хэрэг хаагдсан бол жинхэнэ эзэд нь олдохгүй. Тэгээд дарагдуулах байсан ч юм уу? гэсэн хардлага сэрдлэгэ үлдэнэ шүү дээ. Дахин хэлэхэд бидний хувьд насан туршдаа гомдолтой байна. Илрээсэй гэж дотроо маш их хүсдэг. Сүүлдээ илэрдэггүй юм гэхэд битгий хүн хэлмэгдүүлээсэй гэж боддог болсон. Шүүх прокурор цаашдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улстөрийн зүтгэлтэн, ардчиллын лидер байсан хүн. Ийм том толбо ардчиллын түүхэнд үлдэх ёсгүй." гэв.
СЭТГЭГДЭЛ