Төр бүх салбар руу гар дүрэхээр тэнд ашиггүй байж, дампуурал үүсэх нөхцөл байдал үүсэж, татаас нэрээр татвар төлөгчдийн мөнгө үргүй урсах цоорхой үүсдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил татвар төлөлтөөрөө тэргүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах үеэрээ төр хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно. Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна.Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно” гэсэн нь хувийн хэвшлийнхнээс томоохон оноо авч харагдсан.
Энэ удаагийн ТОП-100 ААН-ийн шалгаруулалтад төрийн өмчийн компаниудыг оролцуулаагүй нь ч учиртай биз. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэн нь залуусын урам зоригийг нэмсэн үйлдэл боллоо.
Төрийн данхайсан бүтцийг цөөлж алгоритм дээр үндэслэн үйл ажиллагаа явуулснаар төр иргэддээ үйлчилдэг утгаараа хөгжих боломжийг эхлүүлэхээр ажиллаж байгаа Засгийн газрын хувьд ТОП-100 ААН-ийн шалгаруулалтыг хүртэл өөрчилсөн нь хувийн хэвшлийнхний итгэл найдварын цучлыг өрдөж эхлэв бололтой.
СЭТГЭГДЭЛ