“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр (2021.10.01) Таныг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Томилогдсоноос хойших найман сарын хугацаанд Оюу Толгой төсөлтэй холбоотой хэд хэдэн том шийдвэрийн ард хувь нийлүүлэгч талууд гарлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг, УИХ-ын Түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэснээр 26 сар хүлээгдсэн Оюу Толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлсэн. Төрийн эзэмшлийн 34%-ийг эзэмшиж байгаа компанийн Гүйцэтгэх захирлын хувьд богино хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлууддаа ямар үнэлэлт өгөх вэ?
-Оюу Толгой бол дэлхийн зэсийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татдаг том төсөл. Гэхдээ энэ төслийн 34%-ийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмших ёстой гэсэн маргаан олон жил явж ирсэн. Үе үеийн Засгийн газар, улс төрчид үнэгүй авах юмаа үнэтэй авлаа гэдэг маргаан эцэслэгдсэн нь хэлэлцээрт орж ажилласан Ажлын хэсгийнхний гол амжилт юм. Миний хувьд энэ Ажлын хэсгийн нэг гишүүн нь. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам. долларын нийт дүн, зээл болон зээлийн хүүг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд бүрэн тэглэсэн. Ажлын хэсгийнхэнтэй гар нийлэн ажилласандаа төрийн төлөөлөл “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал болон хувь хүнийхээ хувьд би сэтгэл өндөр байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн үе үеийн Гүйцэтгэх захирлууд бүгд үүний төлөө л ажиллаж ирсэн. Юутай ч бидний энэ цаг үед төсөл тойрсон маргааны нэг хэсгийг шийдвэрлэж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ.
Түүнчлэн энэ бол Монгол Улсын Засгийн газар, Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” болон Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн дундаас гарсан томоохон шийдвэр. Өнөөдөр Оюу Толгой төсөлтэй холбоотой Ажлын хэсгийн хуралдаанууд үргэлжилж байна. Ажлын хэсгийн гишүүд олон асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлж, зарим дээр нь ахиц дэвшил гарч байна. Мэдээж албан ёсны шийдвэрүүд гарсны дараа энэ ажил алхам алхмаар урагшилж байгаа гэдгийг олон нийтдээ мэдээлэх нь зүйтэй байх.
-Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн нь гаднын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болж хүрсэн төдийгүй Монголд хөрөнгө оруулах сонирхлыг нь сэргээлээ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хандлага хэр байна вэ?
-УИХ, Засгийн газар Оюу Толгой төсөлтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдээ гаргаснаар газрын доорх баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх Үндсэн хуулийн 6.2-ын зүйл заалт хэрэгжиж эхлэх эхний алхам болсон гэж харж байна. Нөгөө талдаа Монгол Улс уул уурхайн томоохон төслүүд дээрээ алдаж оносон ч харилцаагаа шинэ шатанд гаргаж, зөв зүйлийн төлөө талууд харилцан буулт хийж чаддаг болохоо гаднын хөрөнгө оруулагчдад харуулж, эерэг мессеж өгсөн гэдэгтэй санал нэг байна. Цаашид стратегийн болон мега төслүүд дээр Монгол Улсын Засгийн газар ямар ч улс орон, аж ахуйн нэгжтэй эрх тэгш харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн бололцоотойг нотолсон үйл явдал бол Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагаа юм.
-Хэлэлцээрийн явцыг харж байхад Оюу Толгойн зүгээс буулт хийлээ гэсэн мэдээллийг Засгийн газрын зүгээс түлхүү өгөөд байсан л даа. Буулт хийх гэхээсээ илүүтэй бизнесийн зарчмаар харилцан зөвшилцөх, том төслөө хамтдаа урагшлуулна гэдэгт илүү ач холбогдол өгөх ёстой, тийм үү?
-“Рио Тинто” группийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр ирүүлсэн захиандаа үндсэн зээл, зээлийн хүүгийн нийт дүнгийн 70%-ийг хөрөнгө оруулагч талаас тэглэе, “Туркойз Хилл Ресурс” компанийн зарим хувьцаа эзэмшигч үүнийг 100% тэглэхийн эсрэг байр суурьтай байна гэсэн асуудлыг тавьж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дүнд 30%-д ногдох 700 орчим сая ам.долларын төлбөрийг үлдээхээр ярилцсан ч төслийн үр ашиг, алдагдсан боломж хоёрын зөрүүг хэлэлцсэний эцэст 100% тэглэсэн. Ингэснээр Оюу Толгойн далд уурхайн малталтыг хийж, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах технологийн хатуу горимыг эхлүүлсэн.
-Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийх Ажлын хэсэг нэлээд шахуу, сайн ажилласны дүнд хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайн олборлолтыг эхлүүллээ гэсэн байр сууриуд багагүй сонсогдсон. Ажлын хэсэг гэхээсээ хэлэлцээрт оролцсон талууд бүгд хичээл зүтгэл гаргасан болов уу?
-Ажлын хэсгийн хувьд яриа хэлэлцээрийг урагшлуулъя, Монголын талын өгөөж нэмэгдэх ёстой гэдэг дээр цаг наргүй ажилласан. Түүнчлэн Засгийн газрын зүгээс гаднын нэр хүндтэй санхүү, хуулийн зөвлөхүүдийг авч ажиллуулсныг дурдах хэрэгтэй. Гэхдээ Ажлын хэсгийн уур амьсгал байнга сайхан, нээлттэй байгаагүй гэдгийг хэлье. Бие биедээ уурлаж, хатуу үг чулуудсан уулзалтууд олон болж байлаа. Одоо ч тийм уулзалтууд болж байна.
Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр “Оюу Толгой” төслөөс ашиг хүртэх ижил тэнцүү хувьцаа эзэмшигч болсон нь давуу тал л даа. УИХ-аас баталсан 92 дугаар тогтоол болон 103 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжсэн том ажил бол энэ. Гэхдээ цаашид Монголын талд нэмэлт өр үүсгэхгүй, дахин хугацаа хойшлуулахгүй, ТЭЗҮ-ийн алдааг дахин гаргахгүйгээр 2023 оны эхний улиралд багтааж далд уурхайг бүрэн ашиглалтад оруулах ажил үлдэж байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн зүгээс энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
Оюу Толгой төсөл дээр нэмэлт өр үүсгэхгүй байх асуудлууд, санхүүгийн механизмуудын талаар бид ярилцсан. Ер нь бараа бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулж санхүүжилт татах замаар төслөө урагшлуулж, цаашид төсөл өөрөө өөрийгөө аваад явдаг түвшинд аваачих нь зүйтэй. УИХ-ын гаргасан шийдвэрийг бид бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Төслийн нэмэлт санхүүжилтын схемийн талаар ярилцаж байна. УИХ-ын 103 дугаар тогтоолтой холбоотойгоор бид Оюу Толгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг зурлаа. Удахгүй Тавантолгойн цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж дуусах байх. Энэ станц ашиглалтад орсон өдрөөс эхлэн Монгол Улсад жилд 180-250 сая ам.долларын цахилгаан, эрчим хүчний төлбөр нийлүүлэгдэнэ. Олон жил яригдсан, хэн хийж гүйцэтгэх нь мэдэгдэхгүй байсан асуудал нэг талдаа гарч байна.
-“Оюу Толгой” ХХК-ийн зээлийн хэмжээ 2021.12.31-ний байдлаар 14.2 тэрбум ам.доллар байгаагийн 4.3 тэрбум ам.доллар нь хуримтлагдсан хүү байна. Цаашид компанийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломж бий юу? Уг зээлийг Оюутолгой компани хэдийгээр төлж дуусах таамаг байна вэ?
Оюу Толгой төслийн нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны эцсийн тоон мэдээлэл харуулж байна. Талууд зээлийн хүүг буулгахаар ярилцаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс ч үүнийг шахаж байна. Зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах, өөр төлбөрийн зээлээр өөрчлөх, дахин санхүүжүүлэх гэх зэрэг янз бүрийн байр суурь бий. Гэхдээ Ковид-19 цар тахал, Орос-Украины дайнтай холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл дээр банкуудын төсөлд үзүүлдэг хүүгийн хэмжээ нэмэгдэж байна. Шаардлагатай санхүүжилт, зардлын өртгийн хувьд зургаадугаар сарын дунд гэхэд зээлийн хүү 1.2 пунктээр өсөж байна. Ийм болзошгүй, таамаглаагүй зардлууд нэмэгдэх төлөвтэй.
-“Рио Тинто” компани “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааг бүхэлд нь эзэмших санал тавьсан. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн 66%-ийг Рио Тинто эзэмшиж магадгүй болоод байна. Энэ нөхцөл нь Монголын талд ямар давуу болон сул тал үүсгэх вэ?
-Төрийн эзэмшлийн 34%-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хоёр талтай. Нэгдүгээрт хоёр тал тохироод худалдан авалтын хэлцлээ хийгдвэл хувь нийлүүлэгч талууд шийдвэрээ гаргаад төслөө цаг алдалгүй урагшлуулах боломжтой. Гэхдээ Оюу Толгой төслийн 66%-ийг эзэмшиж байгаа “Рио Тинто” компани энэ хувиа гуравдахь этгээдэд зарахаар болвол “Эрдэнэс Оюу Толгой” компанийн байр суурь ямар байх вэ гэдгийг бодолцох ёстой. Монгол Улсын Компанийн тухай хуульд төслийн 66%-ийг бусдад зарахаар бол эхний ээлжид одоогийн хамтрагчдаа санал болгоно гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Дубайд зурагдсан гэрээг (санхүүжилтийн төлөвлөгөө) хүчингүй болгох УИХ-ын 103 дугаар тогтоолыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хэрэгжүүлж явахаар тохирсон. Ялангуяа Арбитрын маргааны нэг түвшинд хүргэх, энэ хүрээнд талууд нэг нэгдээ ойлголцох хугацаа өгсөн. Зургаан сарын дотор татварын маргааны асуудлаа эцэслэхээр болсон. Энэ ажил хэр явцтай байна вэ?
-УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Дубайн гэрээг буюу Дубайн санхүүжилтын гэрээг хүчингүй болгохоор Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудал хэлэлцээрийн шатанд яваа учраас байр сууриа тодорхой илэрхийлэх боломжгүй. Монгол Улсыг хохиролгүй болгох, төслөөс Монголын тал хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр Ажлын хэсгийн бүх гишүүд нэг зорилготой хамтран ажиллаж байна.
-Оюу Толгойн асуудлаарх Арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулахаар болсон. Хугацаа нь энэ оны наймдугаар сард дуусах байх аа?
-Талууд ярилцаж байгаад Арбитрын маргааныг түр хойшлуулахаар болсон. Энэ хугацаанд харилцан ойлголцох ямар гарц байна, заавал шүүхдэлцэж байж бизнесийн өгөөжөө унагахгүйгээр асуудлаа шийддэг болъё гэдэг байр сууриа Ажлын хэсгийн гишүүний хувьд хамгаалаад явж байна.
-УИХ-аас “Эрдэнэс Оюу Толгой” компанийг чадавхжуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавихыг үүрэг болгосон. Танай компани гаднын уул уурхайн мэргэжлийн зөвлөхүүдийг авч ажиллуулж байна. Үр дүн нь эхнээсээ мэдрэгдэж байна уу?
-“Оюу Толгой” төсөл 2028 оноос дэлхийн уул уурхайн дөрөв дэх зэсийн төсөл болно. Гэтэл энэ том төслийн 34%-ийг эзэмшиж байгаа компанид төслийн үр өгөөжөө нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчийн хувьд шаардлага тавих, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах асуудлууд тулгарч байна. 2022 оны нэгдүгээр сараас бид гаднын зөвлөхүүдийг “Эрдэнэс Оюу Толгой” компанидаа төслийн менежмент хийх, төслийн хяналт тавих чиглэлээр ажиллуулж байна. Мөн далд уурхайтай холбоотой геологийн нарийн инженерчлэлээр ажилтнууддаа давтан сургах ажлуудыг хийж байгаа. Чили, АНУ, Польш улсын манайхтай ижил төрлийн зэсийн далд уурхайн үйл ажиллагаатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээ танилцуулсан. Эдгээр улсын төрийн өмчит зэс үйлдвэрлэлийн компаниудтай хамтарч ажиллах Санамж бичгийг байгуулах гэж байна. Геологи, уул уурхай, техникийн нарийн мэргэжилтнүүд дэлхийн түвшний уул уурхайтай танилцаж, тэндхийн мэргэжилтэй боловсон хүчнээс зөвлөгөө авч ажиллах гарц үүгээр нээгдэх юм.
Оюу Толгой төслийн хувьд бахархах зүйлүүд, давуу талууд их байна. Гэхдээ тус компанийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд бий. Үүний тулд өөрсдийн чадавхиа дээшлүүлэх, ажлаа улам урагшлуулах шаардлагатай. “Оюу Толгой” компанийн төслийг менежментийн талаас нь өрсөлдөх чадвартай болгоно гэсэн итгэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд орчин үеийн цахим оффисийг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлээд хоёр сар гаруй болж байна. Шинэ технологийг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр ажлын үр дүн, бүтээмж өснө.
-“Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийж, зарим охин компаниудыг татан буулгах, илүү үр ашигтай ажиллуулах ажил хийгдэж байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн хувьд энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч ажиллаж байна вэ?
-“Эрдэнэс Оюу Толгой”-н хувьд “Эрдэнэс Монгол” компанийн зэсийн группийн охин компанийн бүтцэд багтах байх. Эхний ээлжид “Эрдэнэс Оюу Толгой” компанийн нэвтрүүлсэн ололт туршлагаа давуу тал гэж үзээд “Эрдэнэс Монгол” группийн харъяалалтай бусад компанид нэвтрүүлэх байх. Энэ оны есдүгээр сарын 1 гэхэд цахим оффисоо бусдад танилцуулах, мэргэжилтнүүдийн чадавхийн хувьд ч бусаддаа зөвлөх хэмжээнд хүрэх болов уу гэж харж байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Төрийн эзэмшлийн 34% энэ хуулийн төсөл дээр өөрчлөгдөж болзошгүй байгаа. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд хувь хүний байр сууриа илэрхийлье. Оюу Толгой шиг ийм том төслүүдийг хэрэгжүүлэхэд хуулийн давхардал, хийдэлгүй нэр томъёонууд байгаасай гэж хүсч байна. Монгол Улс уул уурхайн хэд хэдэн мега төсөлтэй байхад эмх цэгцтэй, замбараатай болно. Өнөөдөр Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ маргаантай хэвээр. Татварын ерөнхий хуулийн зүйл, заалтууд энэ асуудал дээр нэмэгдэж орж ирдэг. Оюу Толгойн гэрээ Ашигт малтмалын тухай хуулийн маш олон өөр тодорхойлолтууд, зүйл заалтууд дундаас байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш ч энэ хуульд маш олон өөрчлөлт орж ирсэн. Энэ бүхний уялдаа холбоог нэг түвшинд гаргая, Оюу Толгой дээр давхардсан хүндрэлүүд бусад уул уурхайд нөлөөлөхөөр бол засаж залруулъя гэдэг үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас ил тод, олон сайн өөрчлөлтүүд гараасай. Би Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа уул уурхайн компаниудад Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүл, уул уурхайг технологийн дагуу орд газрын ашиглалтыг бүрэн ашиглаж нөхөн сэргээлт хийх гэдэг хоёр шаардлага тавьдаг байсан.
Оюу Толгой компанид энэ шаардлагаа мөн тавьж ажилладаг. Монголын бусад уул уурхайн компаниуд энэ шаардлагыг биелүүлдэг болсноор хууль бус олборлолт, ашиглалт зогсоно.
-“Рио Тинто” болон “Оюу Толгой” компаниуд Техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хүлээн авах талаар Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Техникийн ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж байгаа. ТЭЗҮ хэзээ батлагдах вэ?
-Оюу Толгой төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн тухайд Монгол Улсын төр, засгийн шийдвэр гаргах түвшний болон ард иргэдийн дунд ойлголтын зөрүү байна. Ашигт малтмалын үнийн өсөлтөөс хамаарч ТЭЗҮ-ийн эдийн засгийн ач холбогдол цаг хугацаандаа өөр өөр гардаг юм байна.
ТЭЗҮ-тэй холбоотой нийт манай шийдвэр гаргах түвшний болон жирийн иргэдтэй ойлголтын зөрүүнүүд яваад байгаа юм. 2010 онд ТЭЗҮ хийж байх үед тонн нь 6000 гаруй ам. доллар байсан зэсийн үнэ өнөөдөр 9000 орчим ам.доллар гараад байна. Нөөцийн хүдэр дэх агуулгын хэмжээ бага байсан ч зэсийн үнэ өсөхөд ашигтай болж эхэлдэг. Харин үнэ буурахад ямар ч ашиггүй учраас олборлолт сайн явагдахгүй, зэсийн нөөцөө ашиглахгүй бол хаягдал болох зэргээр асуудлууд гарч байна. ТЭЗҮ дээр олборлолтын зардлаа авч үзэх шаардлагатай. Арван жилийн өмнөх ТЭЗҮ, арван жилийн дараах ТЭЗҮ хоёр үнийн өсөлтөөс хамаарсан ялгаатай.
Тухайн уурхайн уулын ажлын объём, хүдрийн агуулга, биет эзлэхүүн зэрэг нарийвчилсан тооцооллуудыг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд хянаж байгаа. Оюу Толгойн ТЭЗҮ дээр зайлшгүй тодруулах шаардлагатай хоёр, гурван хэсэг нь технологитой холбоотой зүйлүүд бий. Технологийн дагуу ажлаа хийж байна уу гэдэг дээр “Оюу Толгой” компанитай ойлголцоод, тодруулаад явах ажлууд хийгдэнэ.
Ханбогд сумын дэд бүтцийн хөгжилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахдаа мөн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт хийх орон зайг нь үлдээнэ
-Энэ оны гуравдугаар сард “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Армандо Торрес ажлаа өгч, шинэ Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилсон. Шинэ захирал тавдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа орж байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн зүгээс шинэ захиралтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Хамтын ажиллагаандаа юуг илүү анхаарч ажиллах вэ?
-Шинэ Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер дөрвөн жил өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдана. Энэ хүн амаргүй сорилтон дунд ажлаа хүлээж авч байна. Нэгдүгээрт, Оюу Толгойн төслийн зардал хэтэрч, хугацаа хоцорсон. Давуу тал гэвэл хувьцаа эзэмшигчдийн хоорондох үл ойлголцол нэг талдаа гарлаа. УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Оюу Толгойн далд уурхайн үйлдвэрлэлийг Монголын тал дэмжиж ажиллана гэсэн шийдвэр шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. “Оюу Толгой” ХХК-ийн шинэ Гүйцэтгэх захирлын тухайд байгаль орчин, нийгэм, төслийн менежмент талдаа ажилласан туршлагатай юм байна. Энэ чадварыг нь дэмжиж, хамтран ажиллах нь чухал гэж бидний хувьд үзэж байна. Оюу Толгой төсөл бол зүйрлэвэл хөлд орох гэж байгаа хүүхэд. Хөлд ороод гүйдэг болгохын тулд олон талын дэмжлэг хэрэгтэй. Үүний төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л түвшинд шинэ Гүйцэтгэх захирлын талд ажиллана. Ийм боломж бий гэдгийг түүнд хэлсэн. “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн захирал Р.Амаржаргал нар хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдлыг зөв зүйтэй ойлгуулсны үндсэн дээр харилцаа сайжирсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгох хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд талууд саяхан гарын үсэг зурлаа. “Оюу Толгой” компанийн зүгээс 50 сая ам.долларыг Ханбогд сумын хөгжилд үе шаттайгаар олгохоор болж байна. Ер нь Ханбогд сумыг уул уурхайтай хэрхэн уялдуулж хөгжүүлбэл зохистой вэ?
-“Оюу Толгой” төслийг 100 жил, эсвэл эхний үе шатанд 2051 он хүртэл ашиглах юм уу гэдгээс хот төлөвлөлт ихээхэн хамаарна. 100 жил ашиглана гэвэл ажилчдаа өнөөдрийнх шиг онгоцоор зөөгөөд байх уу гэдэг асуудал. Дэлхийн уул уурхайн төслүүд дэргэдээ дагуул хот, суурьшлын бүсүүдтэй. Ийм хотыг Ханбогдод хөгжүүлье, Оюу Толгой төслийн хувьцаа эзэмшигчид үүн дээр итгэл төгс байгаагаа ард иргэддээ харуулах нэг нотолгоо нь энэ үйл явдал. Орчин үеийн суурьшлын бүс, загвар хотыг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ханбогд сумын дэд бүтцийн хөгжилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахдаа мөн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт хийх орон зайг нь үлдээе гэж байгаа юм. Ханбогд суманд баригдах орон сууц, үйлчилгээний төв зэрэг бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэн оролцох нээлттэй. Эхний ээлжид хувийн хэвшлийнхний барьсан орон сууцанд 40 ажилтан, албан хаагчид амьдрахаар болж байна Сумын иргэд Ханбогдыг шинэ суурьшлын бүс хот болно гэдэгт эргэлзэж байгаа нь гол хүндрэл. Сүүлийн гучин жилд Монгол Улс шинэ суурьшлын бүс байгуулаагүй. Хоёрдугаарт, эрүүл мэндийн боловсролын үйлчилгээнд дэлхийн болон улсын дундажаас дээш байх юм бол Оюу Толгойн ажилчид тийшээ нүүж очиж ажиллаж, амьдарна.
-“Оюу Толгой” төслийн үйл ажиллагааг цаашид хэвийн тогтвортой явуулахад юунд илүү анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?
-Нэгдүгээрт, төслийг ашигтай байлгах үүднээс баяжмалын тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэе гэдэг дээр стратегийн шийдвэр гаргаад урагшилж байна. Хоёрдугаарт, хил гааль дээр аль болох биднээс хамаарах зүйлүүд дээрээ хатуу чанга дүрэм журам мөрдөж ажиллана. Гуравдугаарт, хүний нөөц. “Оюу Толгой” төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд. Гаднын мэргэжилтнүүдийн авч байгаа цалинтай барьцахаас илүүтэй ажлын чадвар тал дээр анхаарч хүмүүсээ бэлдэх ёстой болж байна. Оюу Толгой төсөл дээр ажиллаж байгаа нийт ажилчдын 96% нь дотоодын боловсон хүчин хэдий ч нарийн мэргэжлийн удирдах албан тушаалтан дээр монголчуудын тоог нэмэх шаардлагатай. Үүн дээр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид нэг зорилготой байна. Зөвхөн Оюу Толгойгоор хязгаарлахгүй “Рио Тинто” компанийн 30 гаруй улсад хэрэгжүүлж байгаа төслүүд дээр монгол мэргэжилтнүүдээ ажиллуулах боломж бидэнд бий. Хөрөнгө оруулагч талаас шилдэг боловсон хүчнүүдээ бэлдээрэй гэдгээ Монголын Засгийн газарт илэрхийлж байгаа. Энэ хүрээнд бид Оюу Толгойд ажиллах инженерүүдэд математикийн, мэдээлэл зүйн, хэлний суурь боловсролыг эзэмшүүлье гэсэн бодлоготой ажиллаж байна. “Эрдэнэс Оюу Толгой” компани 2022 онд мэдээлэл зүй, математик, хими, физикийн улсын олимпиадын хороотой хамтран ажилласан. 2028 оноос “Оюу Толгой” төсөл нь дэлхийн шилдэг дөрөв дэх уурхай болно. Зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд хими, физик, металлургийн ирээдүйн боловсон хүчин хэрэгтэй. Зэс хайлуулах үйлдвэр бас баригдана. Тиймээс математик загварчлал, програмчлал дээр суурилсан мэргэжлийн боловсон хүчнийг одооноос бэлдэх шаардлагатай юм. “Рио Тинто”-гийн олон улсад бий болгосон төслийн сүлжээнд тулгуурлан уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнээ ажиллуулах нь чухал юм. Нөгөөтэйгүүр, дэлхийн шилдэг инновацийг төсөлд хурдан нэвтрүүлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, өртгийг бууруулъя.
Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ