Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Сөүл хотын Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг зурах арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа, Тундэмүн дүүргийн ИТХ-ыг төлөөлж Тундэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин, дэд дарга Чон Сон Ён, Захиргаа, удирдлагын дарга Сун Сэ Ен, Бодлого төлөвлөлтийн дарга И Кан Сүг, ИТХ-ын төлөөлөгч Чан Сон Үн нар оролцлоо.

Санамж бичиг байгуулах үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Бид БНСУ-ын Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Баянгол дүүрэг 250 мянга гаруй хүн амтай, залуучуудын дүүрэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчтэй. Манай дүүрэг худалдаа үйлдвэр үйлчилгээ, зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар, иргэд БНСУ-ын Тундэмүн дүүрэгт зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд жил бүр тогтмол оролцдог. Энэ ч утгаараа та бүхэнтэй ойр байдаг бөгөөд ирэх 10 сард болох үзэсгэлэн худалдаанд илүү олон иргэд, аж ахуйн нэгжийг идэвхтэй оролцуулахыг зорьж байна. Мөн манай дүүрэг сургууль, цэцэрлэгийн тоогоороо нийслэлдээ хоёрт ордог бөгөөд та бүхнээс энэ тал дээр туршлага судалж, хамтран ажиллахдаа тааатай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Тэгвэл Тундэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин  “Тундэмүн дүүрэг нь 340 мянга хүн амтай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчтэй, 1300 төрийн албан хаагчтай. Ирэх аравдугаар сард зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд та бүхэн дүүрэгтээ худалдаа үйлчилгээ эрхэлдэг олон олон бизнес эрхлэгчдийг оролцуулах, цаашлаад хүнсний бүтээгдэхүүний төрлөөр оролцохыг хүсэж байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа бөгөөд илүү олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэв.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар: 
ЖДҮ-ийг дэмжих зорилгоор гадаад худалдаа, техник технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллах, боловсон хүчин солилцох
Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр хамтрагчдыг зуучлах, бусад хэлбэрийн хамтын ажиллагаагаар Тундэмүн дүүрэг болон Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллах, хамтдаа хөгжүүлэх
Бизнесийн салбар тус бүрээр судалгаа хийж, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, орон нутагт сургалт зохион байгуулах
Талуудтай холбоотой үзэсгэлэн худалдаа, семинар, төсөл, зөвлөгөөн, технологийн солилцоо болон форум гэх мэт төрөл бүрийн эдийн засгийг идэвхжүүлэх, хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг идэвхтэй хамтран зохион байгуулах
Багшийн хөгжлийг дэмжих, багш, сурагч солилцоо хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарыг мэргэшүүлэх, туршлага судлах сургалтад хамруулах,
Солонгос улсад суралцахаар сонирхон судлаж буй сурагчдад шаардлагатай мэдээллийг өгөх, зарим тохиолдолд уулзалт болон цахим танилцуулга зохион байгуулах
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлэгийн мэргэжилтний туршлага судлах, эмчилгээний шинэ арга техникийг нэвтрүүлэх урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах юм.