Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд “ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” өдөрлөг Баянгол дүүргийн спорт хорооны гадна талбайд өнөөдөр  /2023.10.11/ зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан тус өдөрлөгт дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс болон Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн гэр хороодын Засаг даргын ажлын алба, “Таван толгой түлш” ХХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Гор газ ХХК, Экологийн цагдаа, Жэрэс ОУТББ нар  “Өвөлдөө бэлдэж, өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгууллаа. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах зэрэг мэдээллийг иргэдэд хүргэсэн.
Өдөрлөгийн үеэр ахуйн хүрээний гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, зөвлөмж тараан, ахуйн хүрээнд гарсан галыг унтраах, гал унтраагуур болон анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах үзүүлэх сургалт хийлээ.


Мөн галлагааны зөв горим, айл өрхүүдийн пийшин, зуух янданг хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртсөн иргэнд үзүүлэх анхны тусламж сэдвээр зөвлөмжийг иргэд олон нийтэд хүргэж, зуухны аюулгүй байдлыг хангах, галлагааг зөв хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
Мөн Баянгол дүүргийн Улаан загалмайн хорооноос иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх зөвлөмж мэдээлэл хүргэсэн бол “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сайжруулсан түлш борлуулах “Сайн” картыг шинээр олгон сунгалт хийх, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй түлш хэмнэх, утааг бүрэн шатаах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Бортого”-ны хэрэглээ, ач холбогдлын талаар заавар зөвлөгөөг өгсөн юм.