Баянгол дүүрэгт шинээр байгуулагдсан хороодын Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийг шинээр байгуулах, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэрийн дагуу дүүргийн 30,32,33 дугаар хороонд шинээр байгуулагдаж байгаа ӨЭМТ-үүдтэй хамтран ажиллах “Гурван талт гэрээ” байгуулах арга хэмжээ өнөөдөр (2023.10.16) боллоо. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, 30-р хорооны “Арвин хурд” ӨЭМТ-ийн дарга Ө.Пүрэвсүрэн, 32-р хорооны “Чин гэгээн өргөө” ӨЭМТ-ийн дарга Ц.Болортуяа, 33-р хорооны “Хаппи доктор” ӨЭМТ-ийн дарга Т.Сэржмядаг нар оролцсон юм. Гурван талд гэрээ байгуулах үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “ӨЭМТ-ийн үйл ажиллагааг иргэдэд тэгш хүртээмжтэй, хүн амын бүлэг бүрт чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүргэж ажиллаарай” гээд амжилт хүссэн юм.  Түүнчлэн Баянгол дүүргээс иргэдэд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, шинээр байгуулагдсан ӨЭМТ-ий байр, түрээсийн зардлыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид хүн ам ихээр төвлөрсөн хотхон, хороололд ӨЭМТ-ийг шинээр байгуулах, мөн салбар эмнэлгийн үйл ажиллагааг илүү чанаржуулахад анхаарч ажиллах юм.