Д.Амарбаясгалан: Малчид байгуулсан хоршоондоо 50 сая төгрөгийн зээл авах боломжтой
Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсны дараа “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийг танилцуулахаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэг өнөөдөр Удирдлагын академийн байранд боллоо.
Хөтөлбөрийн танилцуулгыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийв.
Энэ өвлийн зуд, хаврын хавсарганд олон сая толгой мал хорогдох төлөвтэй байгааг ОБЕГ-аас урьдчилан гаргасан байсан. Цаашид цаг агаарын давагдашгүй хүнд нөхцөл байдал давтагдвал манай улсын уламжлалт мал аж ахуй аюулын ирмэгт хүрэх учраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Засгийн газар үзэж байгааг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Тэрээр хэвлэлийнхний асуултад дараах хариултыг өгөв.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гол зорилго нь юу вэ?
-Хэрэв жил дараалж мал хорогдвол мал аж ахуйн салбар олон жилийн дараа сэргэхэд хүрнэ. Иймд Засгийн газар энэ салбарт дорвитой арга хэмжээ авахаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Монгол мал бэлчээрийн хүрэлцээгүйгээс авах ёстой тарга тэвээргийнхээ 60-70 хувийг л авч байна. Ийм хэмжээний тарга тэвээрэгтэй мал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж чадахгүй байна. Малчид малынх нь тоо нэмэгдэх тусам ядуурдаг тогтолцоо бий болчихсон учраас үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая, дундаж зарлага 2.1 саяар хэмжигдэж байна. Тэгэхээр малчид сар бүр 500-600 мянган төгрөгийн өрөнд орж байна гэсэн үг. Иймд малчид чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд хоршооны загварыг хөгжүүлэх ёстой гэж үзэж байна.
-Цаашид Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Малчид маань нийлээд хоршоод хөрөнгө оруулалт хийж өртгийг анхан шатандаа шингээх боломжийг нээж өгөх юм. Нэг жил хагас тэжээсэн үхрээ нэг сая төгрөгөөр зарж байхад Улаанбаатарт ирсэн мах нэг кг нь 20 мянга болоод нөгөө үхэр 5 сая төгрөгийн өртөгтэй болчхож байна. Цаана нь 4 саяын өртөг бусад шатанд бий болоод байна. Яагаад малчдад 2-3 сая нь өртөг болж шингэж үлдэж болдоггүй юм бэ. Энэ асуултад хариулахын тулд анхан шатны хоршоо, дунд шатны хоршоог бий болгохын төлөө хөрөнгө оруулалтын зорилгоор хүү багатай зээлийг олгох хөтөлбөрийг Засгийн газар гаргана. Нэг ёсондоо хоршоо байгуулахын тулд малчид хоорондоо нэгдэх ёстой. Малчин зээл авч өөрийн амьжиргаа, хэрэглээндээ зориулах биш зөвхөн нийлж байгуулсан хоршоондоо хөрөнгө оруулалтын зээл авч болохоор зохицуулсан. Бэлэн бусаар шууд хөрөнгө оруулалтад хийж болох зээл гэсэн үг.
-Энэ зээлд нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
-Урт хугацаандаа 5 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа юм. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банкны өөрийн эх үүсвэр. Засгийн газар бол хүүгийн зөрүүнд татаас олгоно. Зээлийн батлан даалтын сан 80-100 хувиар батлан даах боломжийг гаргаж өгч байгаа юм. Дээд тал нь 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжтой гэж үзэж байгаа. 20 саяас доош зээлийг 100 хувь хүртэл батлан даана. Гэхдээ малчин тодорхой хэмжээний малтай, хамтран зээлдэгчтэй байх ёстой. Барьцаагүйгээр 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжтой. 90 хувийн баталгаа гаргуулаад 40 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Мөн 80 хувийн баталгаа гаргуулаад 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болно.
СЭТГЭГДЭЛ