Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнний нээлт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод болж байна. Нээлтэд Дорнод, Сүхбаатар,  Хэнтий аймгийн нийт 400 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зүүн бүсэн мал аж ахуй, хоршоог хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл тавив.

Зүүн бүс хонь, ямаа, адуун сүрэг олонтой гэсэн судалгаа байна. Малчдаас “Эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, түүхий эд борлуулах нэг цэгийн үйлчилгээтэй байх, хямд өртөгтэй тэжээл өөрсдөө боловсруулах шаардлагатай гэж зүүн бүсийн иргэд үзэж байна. Мөн малын түүхий эд агуулах зоорьтой болох” санал  иржээ. Эдгээр нь нийт малчдын тулгамдсан асуудал юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, эрсдэлд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлнэ. Хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Ингэснээр Монгол Улс уул уурхайн экспортын орлогоос хамаарсан орон биш болж мал аж ахуйн салбарт ажлын байр бий болж, чинээлэг дундаж давхарга бий болно. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбараас орох орлогыг гурав дахин өсгөнө. Тогтвортой ханган нийлүүлэлтийг бий болгоно. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр чинээлэг малчин бий болгохын төлөө хамтдаа хичээе” гэдгийг онцлов.

Засгийн газар Монголбанктай хамтраад зудын хүнд нөхцөлтэй холбогдуулан малчдын арилжааны банкны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулсан. Энэ хугацаанд хуримтлагдсан зээлийн хүүгийн 75 хувийг төр хариуцахаар болсон юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр нэг хоршоонд жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, хоёр тэрбум төгрөг хүртэлх зээл олгоно. Арилжааны банк, Зээлийн батлан даалтын сан, даатгалын компани гурав зээлээ хариуцаж, эрсдэлгүй байх нөхцөлийг хангах юм. Засгийн газраас хоршоонд нэгдэж байгаа малчдад хоршоо байгуулах, арилжааны банканд зээлийн хүсэлтээ гаргах ажлыг энэ тавдугаараас сард хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотоос нэг суманд дөрвөн төрийн албан хаагчийг томилж, малчин өрхүүдэд мэдээлэл өгөхөөр ажиллуулж байгаа юм.