АН-ынхан горилогчдоосоо хууль бусаар мөнгө татсаныг Г.Уянга илчлэв
Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахтай зэрэгцэн эхэлсэн АН-ынхны бужигнаан үргэлжилсээр байна. Хэзээнээс гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг уландаа гишгэн дураар авирлаж ирсэн хэдэн дарга нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс авахуулаад хэдхэн цагийн өмнө батлахтай болсон хүнийг нам төлөөлөн сонгуульд нэр дэвшүүлэхээ зарлан хэрүүлийн алим тарьсан. Улмаар хэлж ярьсан тохирооноосоо ч буцаж, жагсаалтад багтаасан хүмүүсийнхээ нэрийг устгах, ухраах зэргээр өнөөдөр ч гүйдэл, суудлаа олоогүй бужигнаж байна. Тухайлбал, АН-даа хулхидуулж, жагсаалт болон тойргийн алинаас ч нэр дэвших эрхээ авч чадаагүй Н.Уянга төлсөн мөнгөө нэхэмжлээд зогсохгүй АН-аас татгалзаж байгаагаа өөрийн цахим хаягаар дамжуулан зарлалаа.
Тэрбээр “АН-ын дарга Л. Гантөмөр танаа Гантөмөрийн Уянга миний бие АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу” гээд намын батлах, мөнгө тушаасан баримтуудыг хавсарган олон нийтэд мэдээлэв. Үүнээс үзэхэд АН-ынхан анхнаасаа горилогчдоосоо хууль бусаар мөнгө хураасан байна. Улмаар хуулийн бус аргаар мөнгө хурааж аваад зогсохгүй нэр дэвшүүлэх эрх олгоогүй нь ийнхүү үнэ цэнтэй олон гишүүнээ алдахаас авахуулаад намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхилоо.
СЭТГЭГДЭЛ