Малчид: Малчдыг дэмжсэн төрийн бодлогыг улстөржүүлэхгүй байхыг хүслээ
Малчдын төлөөлөл хоршоо байгуулж ажиллах гэхээр зарим улстөрч, улс төрийн нам, хотынхон эсэргүүцээд байгаа учраас өөрсдийн байр сууриа хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэх бодолтой хотод ирсэн байна. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүйгээр малчдыг дэмжсэн төрийн бодлого шийдвэрийг аль ч нам, хувь хүмүүс дэмжиж өгөөч ээ гэсэн юм.
Малчдын төлөөлөл болох Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир хэлэхдээ “Малчид юу ч мэдэхгүй, боловсролгүй, зээл аваад өрөнд орно гээд яриад байгаа гэнэ. Малчид бид математикч улс, хаан боловсролтой. Хаан боловсрол гэж уур амьсгалын -40, +40 хэм, халуун, хүйтэн салхи, цасан шуурганаас олж авсан амьдрах ухааныг хэлж байгаа юм.
Ийм боловсролтой хүмүүс хэдхэн сая төгрөгийн зээл аваад юу ч хийж чадахгүй үрчихнэ гэдэг доромжлол юм. Малчид хүний төлөө ажилладаг улс. Малчид намаар талцдаггүй. Хонио хариулж, малаа адгуулж явахдаа эх орноо хамгаалж явдаг улс шүү. Биднийг яагаад малгай өмссөн мал, алчуур зангидсан адгуус гээд байна вэ. Зүгээр нэг гэнэн томоогүй залуу хэлээд байна уу, бодлого зорилготой хэсэг бүлэг хүмүүс зориуд хэлээд байна уу. Монголын нүүдэлчин ард түмнийг бага Монгол гэдэг. Их Монгол нь бага Монголтойгоо талцаад эхэллээ гээд хойд, урд хоёр том гүрэн харж байгаа. Эндээс ямар ашиг гаргах вэ гэж их гүрнүүд геополитикоор бодно. Энэ хоршооны бодлогыг олон аймаг, малчин дэмжиж байгааг би явж үзсэн хүний хувьд сайн мэднэ. Аль нам ч юм, хоёулаа ч шийдсэн юм бил үү. Ямартаа ч ухаант Засгийн газар энэ бодлогыг шийджээ. Зоригт малчид бид хэрэгжүүлнэ. Харин хулчгарууд ашгийг нь хүртэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Малчид бид оюун ухаантай гэгээлэг ард түмэн шүү” гэв.
СЭТГЭГДЭЛ