Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийв. 

ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл
"Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдсон. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаныхан болон эрүүл мэндийн байгууллагууд тус газарт бэлэн байдалд ажиллаа. Гэхдээ Халиун нь манай улсын хилээс 120 км-ын зайд оршдог. Мөн дэлхийн нэлээд хэдэн оронд буюу Герман, Сингапур гэх мэт оронд шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээр хүнд халдсан тохиолдлууд илэрсэн. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт онцын ажилгүй бол зорчихгүй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Хэрвээ зорчсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж байхыг хүсье.
 Мөн Эрээн хот бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна.

Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлыг харахад, голомттой бүс нутагт аяласан өгүүлэмжтэй байгаа юм. Харин Сингапурт бүртгэгдсэн тохиолдол нь тодорхойгүй бөгөөд тархалт хүн амын дунд хурдацтай байгаа учраас тус улс нь аюулын зэргээ улбар шар болгосон. Тиймээс ДЭМБ-аас манай урд хөршөөс бусад улс оронд гарсан шинэ коронавирусийн халдварын тархалтыг хянаж, судалж байна" гэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдаж хянагдсан. Харин Өвөрхангай аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэхүү иргэнд А хүрээний H3N2 вирус илэрсэн. Сөүл-Улаанбаатарын чиглэлд явсан өгүүлэмжтэй хүний хариу мөн сөрөг гарсан. Энэ сарын 9-нд тусгаарлагдсан Хөх хотоос Улаанбаатарт ирсэн иргэнээс мөн л А хүрээний H3N2 вирус илэрсэн.