Хангайн бүсийн хоршоологчид болон малчдын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Архангай аймагт болов. Олон нийтийн дунд гарч буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотой сөрөг мэдээлэл бол улс төрийн зорилготой, иргэд, малчдыг зориуд төөрөгдүүлж буй буруу ташаа мэдээлэл болохыг дээрх зөвлөгөөнд оролцсон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж, албан ёсны тайлбар өглөө. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол социалист үеийн нэгдэл хөдөлгөөн рүү шилжиж буй асуудал гэдэгт тэрбээр “Шинэ хоршоо хөдөлгөөн бол социализмын үеийн өмч хөрөнгөөрөө нийлж, нэгдэн нийгэмчлэгдэж байснаас огт өөр шүү дээ. Малчид өөрсдийн хөрөнгөөрөө бус шинээр хийж буй хөрөнгө оруулалтаараа нэгдэх, зах зээлийн эдийн засгийн хамгийн шилдэг аргачлалыг бид нэвтрүүлж байна. Дэлхийд найман тэрбум хүн амьдарч байгаагийн хоёр тэрбум нь хоршоологчид. Дэлхийн хамгийн том хоршоо Энэтхэг улсад байдаг. Тэр хоршоо 300 сая гишүүнтэй бөгөөд сүүний чиглэлийн аж ахуй эрхлэдэг. Зах зээлд худалдаалдаг сүүнийх нь үнэ нэг. Олдог ашиг нь тогтмол. Сүү үйлдвэрлэгчдийн хоршооноосоо авдаг ашиг нь тодорхой. Тэрбум 500 сая хүн амтай Энэтхэг улсын таван хүн тутмын нэг нь сүү үйлдвэрлэгч хоршооны гишүүн. Дэлхийн найман тэрбум хүний хоёр тэрбум нь буюу дөрвөн хүн тутмын нэг нь хоршооны гишүүн. Тэгэхээр Монгол Улсад хоршоолох замаар мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид ажиллах боломж гэдэг бол маш чухал. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдгийг маш олон зүйл харуулж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.