Дэлхийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер болон бусад төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэд манай улсын үндэсний лигийн “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” клуб нь 145 жилийн түүхтэй, дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй тул энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын спортын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх, сурталчлан таниулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах, чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан тодотголоо. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, жуулчдыг татаж идэвхжүүлэх зорилгоор “Go Mongolia” түлхүүр үг болон “Always.Moving” брэндингийг дэлхий дахинд зарласан. Үүний үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч 1.3 тэрбум ам.долларын орлогыг тус салбараас олсон байна. Түүнчлэн Монгол Улсыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн баг, хамт олныг Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журмыг баталсан. Энэ хүрээнд сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг тамирчид “Go Mongolia” элчээр тодорсон юм. Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сайт “Lonely Planet” энэ онд аялахад хамгийн тааламжтай орны нэгдүгээрт Монгол Улсыг шалгаруулсан билээ.