Тавантолгой түлш компанийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Стратегийн ач холбогдол бүхий компани хэмээн үзэж 2021 оноос Баруун болон Төвийн үйлдвэрийн Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн. Тэгвэл хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авахад бэлэн байна. Тиймээс хуульд заасны дагуу энэ асуудлыг даруй шийдвэрлэж хамтран ажиллахыг тус ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар хүсч буйгаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацаанд манай албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлж хамтран ажилласанд талархаж буйгаа хэллээ.
Энэ асуудалд компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, “Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад байх асуудлыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Гэхдээ 2024 онд шилжүүлнэ гэж төлөвлөөгүй байсан учир гарах зардал мөнгийг ТУЗ-д танилцуулж байж шийдвэр гаргуулах нь зүйтэй. Иймд холбогдох зардлыг шийдвэрлэх ажлыг компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-д танилцуулъя” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ