-Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Долгормаагийн Ариунаа гэдэг. Би арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд СУИС-ын Монгол зургийн ангид урилгаар элсэн орсон. Одоо хоёрдугаар курст сурдаг.
-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Багаасаа л зурах дуртай байсан. Тийм учраас манай гэрийнхэн намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулсан. Есдүгээр ангиасаа Монгол зургаар дагнан зурж эхэлсэн. Миний хүсэл сонирхлыг сонсож, зураг зурахад дэмжсэн эмээ өвөөдөө баярладаг. Мөн намайг чиглүүлж өгсөн Оюун-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг. Миний хувьд зургаа зурах л хамгийн сайхан мөч байдаг. Өөрт төрсөн сэтгэгдлээ зургандаа буулгана гэдэг гоё мэдрэмж. Би кино үзэж, дуу сонссоны дараа сэтгэгдлээ зургандаа буулгадаг. Тайван орчинд зургаа зурах дуртай.
-"Ариунаагийн гайхамшигт ертөнц" анхны бие даасан үзэсгэлэн үү?
-Энэ удаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн маань миний бие дааж гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн. Үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “Алтан хаан" галлерейгийн менежер Төгөлдөр, маркетингийн зөвлөх Лхамсүрэн, захирал Didier Boissiere нартаа баярлалаа.
Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн арга барил, хэв маягтай болчих байх. Одоогоор бол сургалтынх болохоор багш нарынхаа зааж байгааг илүү сайн сурч авахыг хичээж байна.
-Танилцуулга дээрээ гадаад дотоодын маш олон зургийн уралдаанд амжилт үзүүлсэн тухай бичжээ. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов?
-Хамгийн сүүлд Малайзын Ерөнхий сайдын 93 насны ойд зориулсан хөргийг нь зурах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Мөн Малайзад суралцах эрх авсан ч түр хойшлуулаад байна. Одоогоор СУИС-д гэрээгээр сурч байгаа болохоор сургуулиа орхиод явж байсан. Үүнээс өмнө Хонконг зургийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн.
Анх 2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүний дараа жил Төрийн ордонд багштайгаа хамт "Бодь модны чимээ" үзэсгэлэн гаргасан. Мөн Оросын холбооны Улан-Удэ хотод үзэсгэлэн гаргасан. 2015 онд Засгийн газрын агентлагийн Монгол улсын шилдэг сурагч алтан медаль хүртэж байсан. 2016 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд тэргүүн байр эзлэн Урчуудын Эвлэлийн Хорооны авьяас алтан медиалиар, Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарч мөн алтан медиалиар шагнуулсан. 2017 онд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч Япон улсад уригдан аялсан. Ингээд 2018 онд "Мөрөөдлийн ертөнц" сэдэвт Монгол зургийн үзэсгэлэн бие даан гаргаж байсан.
Бидний яриа түүний бүтээлүүдийн тухай үргэлжиллээ.
Би “Дэгжин бүсгүй”, “Намар” гэж нэрлэсэн хоёр зургаа онцолмоор байна. Зургандаа эмэгтэй хүн, амьтан хоёрыг оруулахыг хүсдэг. “Намар” гээд энэ зураг маань намрын ойн өглөөний дүр зураг. Хүмүүс ихэвчлэн нохой муур гээд тэжээвэр амьтдыг илүү их хайрладаг. Тэдгээрийг хайрлаж байгааг буруу гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бусад амьтдыг хайрлаасай гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Хүйтэн цустай, хүмүүсийн нэг их анхаарч тоодоггүй гүрвэлийг энэ эмэгтэй хайрлан, энхрийлж байгаагаар үзүүлсэн.
О.Онон
Оллоо.мн
СЭТГЭГДЭЛ
wow hello 66.181.175.196
2022/10/04 08:28:12hi
Хариулах