ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж байгаагаа дуулгалаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж “Монгол Улсын сайдыг огцруулах тухай. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дахь хэсэг, хоёр дахь заалтыг үндэслэн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллах юм байна. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

Тэрбээр "Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн болохыг дурдъя. Та бүхний мэдэж буйгаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн, Засгийн газрын баримтлан ажиллаж буй бодлого зарчмын эсрэг болсон хэмээн Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж ажлаас чөлөөлж байсан.

Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга хариуцан ажиллана.