НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ныг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр /2022.09.27/ Д.Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ.

Энэ үеэр НАЖГ-аас мэдээллийн төвөөрөө дамжуулан зохион байгуулдаг үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын талаар мэдээлэл өгөв.

Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байснаар дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.