Эрчим хүчний салбарт эрсдэлтэй ажлын байр үүссэн талаар мэргэжилтнүүд болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
Ингэхдээ "2019 оноос хойш эрчим хүчний салбарын үнэ тариф огт хөдлөөгүй. Салбарын байгууллагууд үйлдвэрлэсэн үнээсээ 5-59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулж байна. Үүнээс үүдэн эдийн засгийн хүндрэлүүд үүсэж байгаа. Тухайлбал, эрчим хүчний салбарт 2019 онд 59, 2020 онд 92, 2021 онд 78, 2022 оны хүлээгдэж буй дүн 168.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас шалтгаалж шаардлагатай засвар үйлчилгээний ажлаа цаг хугацаанд нь хийж чадахгүй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжгүй байна. Станцууд болон шугамын насжилт ихэссэнтэй холбоотойгоор шинэчлэлт хийж чадахгүй байгаа тул аваар ослын тоо ихсэж байна" гэлээ.
Тус салбарт хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаас үүдэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх, хамтын гэрээ хэлэлцээрийг хангуулах, асуудал орхигдсон байна.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавдугаар сарын 18-нд албан бичиг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. Тийм учраас салбарт гарч буй хүндрэл бэрхшээлийн улмаас ямар нэгэн аваар осол, саатал гарвал хариуцлагыг нь Ерөнхий сайд хариуцах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ