Өнөөдөр намрын чуулганы нээлттэй. Энэ чуулганаар ирэх оны төсвөөс гадна сенсаци дагуулах сэдэв нэгээр нэмэгдэв бололтой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын шахалтаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохироог УИХ-ын гишүүд хэдийнэ хийчихсэн гэнэ. Сая хуралдсан ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр түрээ барьж, Засгийн газарт давхар дээл нөмрүүлэх опираци хийсэн төдий. Харин энэ удаад “хурандаа У.Хүрэлсүх” 12 жил Ерөнхийлөгчийн сэнтийд залрах шунал аа гүйцэлдүүлэхээр. “Номч мэргэн УИХ-ын дарга” маань парламентийн гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн лоозонтойгоор эцэг хуульд гар хүрэхээр шулуудсан юм байх.

Ном дор мөргөж, бүхнийг тооцоо, судалгааны үндсэн дээр хийхээр зорьж, дэргэдээ судалгааны хүрээлэн шахуу байгуулаад байгаа УИХ-ын даргын хувьд Үндсэн хуульд оруулахаар зүтгүүлж буй санал бол “алдаагаа засъя” гэж буй наминчлал гэлтэй. Үүнийхээ суурь болгоод жижиг намын дарга нарын тархийг мөлчийтөл угаагаад сумлаад тавьчихсан хэлж, ярьж байгаагаас нь бэлхнээ гэрчлэгдэнэ. Нөгөөтэйгүүр, залуустаа шахагдаж, намаас нэр дэвших квотгүй болсон, нэр дэвшлээ ч ард түмэнд таалагдахаа больсон аснуудын Г.Занданшатар даргыг тойглох нэг шалтгаан нь ч энэ биз ээ.

“Хурандаа Ерөнхийлөгч”-ийн хувьд 6 жил энэхүү сэнтийд тухлах нь чамлалттай байгаа учир “парламентаас Ерөнхийлөгчийг сонгох” гэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, хугацаагаа 2 дахин нэмчихвэл л болох нь тэр. Анхны гэсэн бүх тодотголыг өөртөө наагаад төрийн тэргүүний сэнтийгээс буух нь л түүнд чухал болохоос цаашид яах ийх нь падлий ч үгүй биз. Ямартай ч Ерөнхийлөгчийн эл шунал биелэх аваас Ерөнхийлөгчийн одоогийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхийлөгчийг томилох, эргүүлэн татах эрх мэдэл УИХ-д нэмэгдэж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд нөлөөлөх эрхгүй, эв нэгдлийг илэрхийлэгч билэг тэмдэг нь байх үүд хаалга нээгдэх биз. Гэхдээ “Хурандаа Ерөнхийлөгч”-ийн ноорогт энэ асуудлыг хэрхэн буулгаж, ямар тохироо хийснийг харах л үлдлээ.