БШУ-ны яамыг санаандаа багтаагаад байсан ч сачий нь хүрээгүй Ч.Ундрам гишүүн энэ удаа ХНХ-ын яамыг онилоод байгаа аж. Засгийн газрын сайд нарын хөдөлгөөн дээр сайд бүү хэл байнгын хорооны дарга ч үгүй хоцорсондоо тэр үү, ХНХ-ын сайдын суудалд тухлахаар Ерөнхий сайд хийгээд ойр тойрныхноо хормойлдон гүйгээд эхэлсэн гэнэ. Уул уурхайн сайд Ж.Ганбаатартай нэлээд ойр тэрбээр найзтайгаа хаяа дэрлэсэн яаманд очиж, зэрэгцээ сайд хийх үү, үгүй юу гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй шийдэх биз.

Ч.Ундрам гишүүнтэй зэрэгцээд Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны будаг нь ханхалсан дарга Б.Саранчимэг ХНХ-ын сайдын суудалд суучих санаа байгаа л гэнэ. Байгаль орчны сайдад 3-нтаа нэр нь дурьдагдаад өнгөрч байсан, өөрийгөө “эко хатагтай” хэмээн өргөмжлүүлсэн эрхэм гишүүнд маань байнгын хорооны даргын суудал чамлалттай байгаа сурагтай. Ямартай ч намын дүрмийн квотоороо ХНХ-ын сайдаар эмэгтэй хүн томилогдох ёстойг урдаа барин гүйж яваа эмэгтэй гишүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хийгээд эргэн тойрныхныхоо аргыг барж байгаа сурагтай. Дээрх хоёр гишүүний хэн ар сайтай нь сайдын суудалд очих нь тодорхой. Сэлэнгийн “Улаан Чинбаа” артай Ч.Ундрам уу, “Мон ураны Наранхүү” артай Б.Саранчимэг үү.